12.27

Шүүх хурал: С.Зоригийг хөнөөсөн хэрэгтнүүдэд 24-25 жилийн ял оноов


С.Зоригийг хөнөөсөн хэргийг шүүх хурал тав дахь өдрөө үргэлжилж буй бөгөөд өчигдрийн 22:00 цаг хүртэл шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөөд өнөөдөр 09:00 цагаас үргэлжлүүлэн зөвлөлдсөн юм. Улмаар шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ танилцууллаа. 
Шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч Б.Содномдаржааг захиалгаар, санаатайгаар бусдын амь насыг захиалгаар онц хэрцгийгээр хөнөөсөн, насанд хүрээгүй хүүхдийг гэмт хэрэгт уруу татсан, өөр гэмт хэргээ нуун далдлах зорилгоор хүний амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн үндэслэлээр 25 жил онц дэглэмтэй хорих ангид хорих шийдвэр гаргав. Түүнд оноосон 25 жилийн 23 жилийг нь гянданд эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Харин шүүгдэгч Т.Чимэгээд  бүлэглэн шунахайн сэдлээр насанд хүрээгүй хүүхдийг гэмт хэрэгт уруу татсан, хүний амь насыг санаатайгаар онц хэрцгийгээр хөнөөсөн үндэслэлээр 24 жилийн хорих ялаар шийтгэлээ. Мөн Ц.Амгаланбаатарт давтан хүний амь нас хөнөөсөн, хэргийг нуун дарагдуулсан үндэслэлээр 25 жилийн хорих ял оноосон юм. Энэ хэрэгт  Эрүүгийн хуулийн 91.2.1, 91.2.4, 91.2.6, 91.2.10, 91.2.11, 91.2.12, 91.2.13, 91.2.15-аар эрүүгийн хэрэг үүсгэсэн ялын дүгнэлт үйлдсэн байна. Дашрамд сануулахад, шүүх хурлыг Ерөнхий шүүгч М.Алдар даргалж, шүүгчээр Б.Мөнх-Эрдэнэ, С.Оюунчимэг, өмгөөлөгчөөр Л.Мөнхтөр, С.Оюунцэцэг, Д.Дашдорж, Л.Энхсайхан, улсын яллагчаар Б.Батжаргал, Ж.Сандагсүрэн нар оролцсон юм.