Төслийн ахлах зөвлөх ЯМАШИТА МАМОРУ
Энэ удаагийн нийтлэлдээ эрүүл мэндийн тогтолцооны онцлогоос дурдaя.
Япон улсад оршин сууж буй бүх иргэд эрүүл мэндийн даатгалд хамрагдах үүрэгтэй байдаг. Даатгуулагч шимтгэлээ төлөөд эрүүл мэндийн даатгалын карттай болно. Энэхүү картан дээр тухайн даатгуулагчийн нэр, төрсөн он сар, хүйс, дугаар тэмдэглэгдсэн байх бөгөөд эмнэлэгт очоод эхлээд картаа үзүүлсэнийхээ дараа үзлэг, эмчилгээгээ хийлгэдэг.
Эрүүл мэндийн даатгалын картаараа тухайн иргэн улсын эмнэлэг, хувийн эмнэлэг, амбулатори, эмийн сан гээд бүх төрлийн эрүүл мэндийн байгууллагад хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжтой. Хамгийн чухал нь дээрх эмнэлгүүдийн үзлэг, эмчилгээний зардал, эмийн үнэ нь хаана ч очсон ижил байдаг. Өндөр өртөгтэй шүдний эмчилгээ ч мөн адил картаа үзүүлвэл хөнгөлөлттэй үнээр үйлчилдэг. Тодруулбал, өвчтөн эмнэлэгт үзүүлээд эмчилгээ хийлгэсний дараа, кассан дээр нийт төлбөрийн 30 хувийг өөрөө төлнө. Гэхдээ өвчтөн зургаа хүртэлх насны хүүхэд, 70-74 насны өндөр настан байвал нийт төлбөрийн 20 хувийг, 75-аас дээш настай бол 10 хувийг тус тус төлөх ёстой.
Яг адилхан эмчилгээг улсын, хувийн ямар ч эмнэлэгт хийлгэсэн гарах эмчилгээний зардал ижил байдаг. Үнэ тарифыг улсаас тогтоож өгдөг. Жишээ нь мухар олгой авахууллаа гэхэд гарах эмчилгээний зардлыг улсаас тогтоодог учраас өвчтөн дуртай эмнэлгээрээ үйлчлүүлж, нийт төлбөрийн 30 хувийг өөрөө төлнө, үлдсэн 70 хувийг тухайн өвчтөний даатгагч байгууллагаас хоёр сарын дараа эмнэлэгт төлдөг. Эмчээс бичүүлж авсан эмээ эмийн сангаас авахдаа картаа үзүүлээд 70 хувь хөнгөлүүлдэг.

Хэдийгээр өвчтөн нийт эмчилгээний зардлын 30 хувийг төлөх ёстой ч маш хүнд, өндөр өртөгтэй хорт хавдар, цус харвалт гэх мэт өвчний үед 30 хувиа ч төлөх боломжгүй бол яах вэ? Ийм тохиолдолд тухайн өвчтөний орлогоос хамааран төлөх ёстой дээд хязгаарийг тогтоож өгдөг. Өөрөөр хэлбэл, орлого багатай хүн бага мөнгө төлж, орлого ихтэй бол арай ихийг төлнө. Энэ хэмжээнээс илүү гарсан эмчилгээний зардлыг даатгагч байгууллага төлөх юм.
Ингэж нэгдүгээрт, бүх төрлийн эмчилгээний зардал, эмийн үнийг улс тогтоох, хоёрдугаарт өвчтөний төлөх дээд хэмжээг тогтоосноор орлогоос үл хамааран бүх иргэд эрүүл мэндийн үйлчилгээ авах нөхцлийг бүрдүүлсэн юм. Гэхдээ, 30 хувийн төлбөрөө ч төлөх боломжгүй, ямар ч орлогогүй хүнээс эмчилгээний зардал авахгүй. Гарсан төлбөрийг тухайн хүний оршин сууж буй аймаг, дүүргийн төсвөөс гаргадаг.
Дахин хэлэхэд, Японд эрүүл мэндийн даатгалын карттай хэн бүхэн эрүүл мэндийн үйлчилгээ авч, гарсан нийт төлбөрийн 30 хувийг өөрөө төлнө. Нөгөөтэйгүүр эмчилгээний зардлын 30 хувь нь тухайн хүний орлоготой дүйцэхгүй бол илүү гарсан төлбөрийг даатгагч байгууллагаас төлөх ёстой байдаг.Эрүүл мэндийн даатгалд хамрагдсан бүх хүн тэгш эрхтэйгээр, ижил үнэ тарифаар үйлчлүүлдэг.
