Ингээд уншигч олондоо Улсын филармонийн хөгжимчин, “Pyramid circus” сургуулийн багш Б.Золбоо "Авьяаслаг монголчууд" шоунд оролцож өөрийн чадвараа харуулсан. Хэдийгээр тэрбээр хоёр дахь шатанд уран нугаралт, хийлийг хослуулна гэж байсан ч харамсалтай нь шилдэг 32-т багтаж чадаагүй. Гэсэн хэдий ч тэрбээр амлалтаа биелүүлж, нугаралт, хийл хосолсон үзүүлбэр бүхий клипээ үзэгчдэд хүргэсэн билээ. Тэгвэл Б.Золбоо шинэ уран бүтээлдээ хэдийнэ оржээ. Тэрбээр "Миний хадам аав Гавьяат жүжигчин Д.Гүрсэд гэдгийг ихэнх хүмүүс мэддэг болсон байх. Анхны бүтээл маань аавын дэмжлэгээр бүтсэн. Энэ удаа ч мөн санаа бодлыг нь сонсоно. Гэхдээ өмнөх уран бүтээлийн өнгө аясыг бүхэлд нь өөрчилж цоо шинэ зүйл хийхээр төлөвлөсөн. Байнга шинэ зүйл хийхгүй бол хүмүүст хүрэхгүй. Нэгэн хэвийн зүйлсээс хүмүүс их амархан татгалздаг шүү дээ. Энэ удаа уянгын ая сонгоно. Цагаан сартай холбогдуулж ардын дууны ая, аялгууг хийл дээр хувирган орчин үеийн хэмнэлээр тоглохоор бэлдэж байгаа" хэмээн ярьжээ.