Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхантай ярилцлаа.
-Шүүгч нарын цалингийн талаар нийгэмд нэлээд сөрөг хандлага байдаг. Өнөөдрийн байдлаар шүүгч нарын цалингийн дээд, доод хэмжээ ямар байгаа вэ?
-Өнөөдөр Монголын нийгэмд шүүгчдийн цалингийн талаар багагүй хэлэлцүүлэг явж байна. Шүүгчид 4-8 сая төгрөг сард авч байна гэдэг бол ташаа мэдээлэл. Яг өнөөдрийн байдлаар шүүгчдийн цалин 2.7-3.3 сая төгрөгийн хооронд байгаа. Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгч 3.3, анхан шатны шүүхийн шүүгч 2.7 сая төгрөгийн үндсэн цалин авч байна. Үүнээс татвар, нийгмийн даатгалын шимтгэлээ төлөөд үндсэндээ анхан шатны шүүхийн шүүгч бол 2.3 орчим сая төгрөгийн цалин авч байна. Энэ бол өнөөдрийн бодит тоо баримт.
-Энэ 2.7-3.3 сая төгрөгийн цалин нь тогтмол уу. Өөр нэмэгдэл, урамшуулал бий юу?
-Хуулиараа шүүгч ажилласан жилийнхээ нэмэгдлийг авах боломжтой. Өөрөөр хэлбэл, таван жил болсны дараа жил тутам хоёр хувийн нэмэгдэл авах боломжтой байдаг. Үүнээс өөр ямар нэмэгдлийг өнөөдөр хуулиар хаасан байгаа. Өөрөөр хэлбэл, өөр урамшуулал байхгүй гэсэн үг.
-Ер нь шүүгчид 2.7-3.3 сая төгрөгийн цалин авснаар тэдний хараат бус байдал бий болно гэдгийг хэлж чадах уу?
-Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 23.1-д шүүгч ажил амьдралаа авч явахад нь эдийн засгийн хараат бус байдлыг хангахуйц хэмжээний цалин авах ёстой гэж заасан байдаг. Тэр нь ямар байх вэ гэдгийг Монгол Улсын их сургуулийн судлаачдын багаар гүйцэтгүүлсэн. Үндсэндээ 2.7-3 сая орчим байхад энэ нөхцөлөөр хангах юм байна гэсэн хөндлөнгийн судалгааны дүн гарсан. 2.7-3 сая төгрөг байхад шүүгчийн эдийн засгийн хараат бус байдал нь зохих хэмжээнд хангагдах юм байна гэсэн судалгааны дүн юм.
-Шүүгчид авлига, хээл хахууль авахгүй байхад хэрхэн анхаарч байгаа вэ?
-Бидний зүгээс шүүгчид нөлөөлөхгүй байх, хараат бус байх чиглэлээр багагүй ажил хийж байгаа. Тэдгээрийн нэг болох нөлөөллийн мэдүүлэг хэрэгжээд эхэлсэн. Энэ нь тодорхой хэмжээгээр үр дүнгээ өгч байна. Шүүхэд ямар нэгэн этгээд албан тушаалтан нөлөөлөх юм бол нөлөөллийн мэдүүлгээ гаргадаг жишиг рүү орсон. Түүнээс гадна Шүүхийн ёс зүйн хороо байна. Шүүхийн ёс зүйн хороо бол шүүгч ёс зүйн зөрчил гаргах тэр дундаа авлига, хээл хахууль авахтай холбоотой талуудад тэгш бус хандах, талуудын хуулиар олгогдсон эрхийг зөрчих, мөн ёс зүй, зан харьцааны хувьд алдаа гаргасан тохиолдолд ёс зүйн хороонд ирдэг механизм ажиллаад эхэлсэн. Ёс зүйн хороо нэлээд үр нөлөөтэй ажиллаж байгаа гэж дүгнэж болно.
-Шүүх тойргийн системд шилжсэнээр шүүхэд очиход хол, явдал чирэгдэлтэй байна гэсэн гомдлыг иргэд хэлдэг. Энэ талаар?
-Бид Шүүх байгуулах тухай хуулийн төслийг санал авахаар Засгийн газарт хүргүүлсэн. Энэ төслөөр бол шүүх иргэддээ илүү ойртоно. Өөрөөр хэлбэл, тойргийн системээр байгуулсан шүүхүүд тойргийнхоо төвд ирж хуралдаанд ордог байсан. Цаашид шүүх өөрөө иргэддээ ойртож, тухайн аймгийнхаа төвүүдэд шүүх хуралдаанаа хийдэг систем рүү орно. Ингээд эхэлбэл дээрх гомдол санал засагдаад явна гэсэн үг.
-Улсын хэмжээнд хэчнээн шүүгч ажиллаж байгаа вэ?
-Улсын хэмжээнд нийт 470 шүүгч ажиллаж байгаа.
-Шүүгчийн цалинг бууруулна гэсэн яриа байгаа. Энэ талаар шийдвэр гарсан уу?
-УИХ-аас Хууль зүйн байнгын хорооны дэргэд ажлын хэсэг байгуулсан. Шүүгчийн цалингийн асуудлаар сая шийдвэрээ гаргасан. Тодруулбал, ер нь шүүгч нарын цалинг хуулиар тогтоох нь зүйтэй юм байна тиймээс хуулиар шүүгчийн цалинг тоогоор тогтоож өгье гэж шийдвэр гаргасан. Хоёрдугаарт, одоо байгаа шүүгч нарын авч байгаа цалингийн хэмжээг бууруулахгүй байя гэсэн шийдвэр гарсан. Гуравдугаарт, өнөөдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн одоо байгаа төсвийн хэмжээнд цалингийн асуудлаа шийдье гэсэн чиглэлээр Хууль зүйн байнгын хороо шийдвэрээ гаргасан. Хуулийн төслүүдээ өргөн барьчихсан явж байгаа.
-Одоо байгаа төсөв нь хэд юм бол?
-Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн төсөв 58 тэрбум байгаа. Шүүгчдийн цалинд 16 тэрбум төгрөг, нийгмийн даатгал татвараа нэмээд 20 тэрбумыг төлөвлөсөн.
-Шүүх танхимыг камержуулах ажлыг эхлүүлж, зарим шүүх хуралдааны бичлэгийг вэб сайтуудад байрлуулах болсон. Ингэж өөрчлөлт хийснээс хойш шүүгч нартай холбоотой өргөдөл гомдол багассан уу?
-Энд би хоёр зүйлийг хэлмээр байна. Нэгдүгээрт, шүүхийг нээлттэй болгох, олон нийтийн хяналтад оруулах мөн Монголын иргэдийн төлөөлөл шүүх хуралдаанд оролцох нөхцөлийг хангах журмаар шүүхийн олон нийтийнхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлдэг иргэдийн итгэлийг хүлээж авдаг нөхцөл байдлыг бүрдүүлэхийн төлөө ажиллаж байна. Одоо Монгол Улсын хэмжээнд бүх шүүх хуралдааны танхим дуу, дүрсийн тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон. Ямар ч шүүхэд очсон жирийн иргэн шүүх хуралдаан, шүүх хуралдааны бичлэгийг үзэх бүрэн боломжтой. Дээр нь шүүх хуралдааны явцад бүх бичлэг хийгдэж байгаа учраас үнэхээр шүүгч шүүх хуралдааны явцад иргэд болон хэргийн оролцогчидтой хуулийнхаа дагуу ёс зүйн хүрээнд ажилласан байна уу гэдгийг бүрэн хянах боломжтой болсон.
Тийм учраас энэ бичлэгтэй холбогдуулаад нэг талаасаа нотлох баримт өөрөөр хэлбэл, шүүх хуралдаанд шүүгчийн ёс зүйтэй холбоотой нотлох баримтууд илүү сайн бүрдэж байгаа. Ингэснээр нэг талаасаа өргөдөл гомдол нэмэгдэх нэг шалтгаан болж байгаа. Нөгөө талдаа хэргийн оролцогчид болон шүүгч нар шүүх хуралдааны ёс зүйдээ илүү анхааралтай илүү хянамгай хандах, алдаа мадаг гаргахгүй байх нөхцөл болсон. Бас олон нийтийн хяналт орж ирсэн учраас нөгөө талдаа алдаа дутагдал нь эрс багассан. Тэгэхээр нэг талдаа нөлөөлөөд нөгөө талдаа алдаа мадаг гаргах боломж нь илүү хумигдаж байгаа юм. Тийм учраас үүнийг шууд өссөн, буурсан гэж дүгнэх төвөгтэй.
-Энэ ажилд хэчнээн төгрөг зарцуулсан бэ?
-Энэ жилийн төсөвт бид 105 сая төгрөгийг шинээр байгуулагдаж байгаа танхимуудад дуу, дүрсийн аппарат авах зорилгоор зарцуулах гээд бэлтгэлээ хангаж байна.
П.ЭРДЭНЭ