Ардчилсан залуучуудын холбооны Удирдлагын зөвлөл өчигдөр хуралдаж, хэд хэдэн асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Тухайлбал, орон нутаг дахь салбар байгууллагуудын Чуулганыг хуралдуулах талаар хэлэлцэж, Удирдамжийн төслийг боловсруулах Ажлын хэсэг байгуулав. Мөн Удирдлагын Зөвлөлийн гишүүдийн ажиллах салбар хороодын бүтэц, эрхлэх асуудлын чиг үүргийг хэлэлцэв.
Түүнчлэн бусад оронд Холбооны салбарыг байгуулах асуудлыг хэлэлцэж, Америкийн Нэгдсэн Улс болон Бүгд Найрамдах Солонгос Улсад салбар байгуулах үйл ажиллагааг зохион байгуулах, холбогдох этгээдтэй Холбоог төлөөлөн харилцах эрхийг тэдгээр улсад суралцаж буй Тэргүүн Дэд Ерөнхийлөгч Г.Оюунбат, Удирдлагын зөвлөлийн гишүүн Ц.Жадамба нарт олгосон тогтоолыг баталсан юм.
Мөн үеэр Ардчилсан залуучуудын холбооны Удирдлагын зөвлөлд 11 гишүүн шинээр элсэж, Ардчиллын үйл хэргийг дэмжин ажиллахаа илэрхийллээ. Тэдний дунд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хүү Э.Эрдэнэ байсан юм. Оксфордын их сургуульд улс төр судлалаар суралцаж төгсөөд удаагүй байгаа тэрбээр одоо Баянзүрх дүүргийн ИТХ-ын тэргүүлэгч гишүүнээр ажиллаж байгаа. Энэ мэтчилэн салбар, салбартаа шилдэг, манлайлагч залуус Ардчилсан залуучуудын холбоог дэмжин ажиллахаа илэрхийлсээр байна.