Жонни Депп, Эмбер Хёрд нар одоо эхнэр, нөхөр биш болжээ. Томоохон шуугиан дэгдээж, Депп гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг гэсэн буруутгал тарсны эцэст тэд сая нэг юм хоёр тийш болсон байна. Хамтдаа хураасан эд хөрөнгөө хэрхэн хуваасныг нь хэрэгт дуртай сэтгүүлчид олж мэдсэн аж. Гэрээ ёсоор бол Депп экс эхнэртээ 6,8 сая доллар төлөх ёстой юм. Энэ мөнгийг Эмбер бүсгүй буяны үйлсэд зориулахаа амлажээ. Өмнө нь Жонни 200 мянган долларыг Эмбер бүсгүйн өмнөөс хүмүүнлэгийн байгууллага болон Лос-Анжелес хотын хүүхдийн нэгдсэн эмнэлгийн данс руу шилжүүлсэн билээ. Үлдсэн 6,6 сая долларыг жүжигчин эмэгтэй жилийн туршид авах бөгөөд 2018 оны сүүлч гэхэд энэ мөнгөө дээрх байгууллагуудад өгөх болно. Үүнээс гадна Эмбер хоёр үнэтэй автомашин салгаж чадсан гэнэ. 2015 оны "Range Rover", 1968 оны "Ford Mustang" машинууд түүнд очив. Мөн хоёр нохой, нэг морио авч үлджээ. Харин Деппт бүх үл хөдлөх хөрөнгө нь үлдсэн байна. Лос-Анжелес, Парис хот дахь байшин, Бахамын нэгэн арал, тээврийн 42 хэрэгсэл үлдсэн гэнэ.