Олимп, ДАШТ-ий хос медальт Монголын гуравхан жүдоч бий. Тодруулбал, Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар, гавьяат тамирчин Д.Сумъяа, гавьяат тамирчин С.Ням-Очир нар энэхүү амжилтыг эзэмшдэг юм. Тэгвэл гурав хоногийн өмнө С.Ням-Очир гавьяат зодог тайллаа. Тэрбээр залуу тамирчин Б.Эрхэмбаярт өөрийн олимп, дэлхийн дэвжээнд өмсөж амжилтанд хүрсэн кимоногоо өвлүүлсэн. Энэ үеэр Цагаанаа гавьяат нулимс унагаж харагдсан юм. Тэрбээр "Бид хар багаасаа өгөө аваатай барилдаж, биенээ хурцалсаар өдий хүрлээ. Дөрвөн мөчиндөө тэнцүү бяртай, техник сайтай мундаг бөх. Би С.Ням-Очиртой барилдах их дуртай. Ялж, ялагдаж явсан их сайхан дурсамж бидэнд бий. Өдгөө хоёулаа олимп, ДАШТ-ий хос медальтан болсноороо бахархаж явдаг. С.Ням-Очир их тусархаг, хөдөлмөрч, даруухан, аливаа зүйлд чин сэтгэлээсээ ханддаг. Жингийн асуудлаас болж зодог тайлах шийдвэр гаргасанд нь их харамсаж байна. С.Ням-Очир шиг бөх олон төрөөсэй" хэмээн ярьсан юм.