Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбатыг АТГ-аас сэжигтнээр тооцон цагдан хорьсон. Улмаар цагдан хоригдох хугацаа нь дууссан ч шүүгчийн захирамжаар цагдан хорих хугацааг 60 хоногоор сунгасан шийдвэрийг 2016 оны 10 дугаар сард гаргасан байдаг. Н.Мөнхбатыг албан тушаалаа урвуулан ашиглаж, төсвийн мөнгө үрэгдүүлсэн, "Чингис", "Самурай" бондын хөрөнгийг зүй зохисгүй зарцуулсан хэрэгт буруутган шалгаж байгаа юм. Ингэхдээ Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярын хэрэгтэй нэгтгэн шалгаж байгаа талаар эх сурвалжууд мэдээлсэн.
Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн асан, Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан “Фортуна” Н.Батбаярыг Хөгжлийн банкны албан тушаалтнуудад холбогдох хэрэгт холбогдуулан АТГ-аас шалгаж байгаа тухай мэдээлэл гараад багагүй хугацаа өнгөрсөн. Н.Батбаяр нь 2012-2014 онд Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан нэгэн билээ. Тус яам нь тухайн үеийн Засгийн газраас гаргасан "Чингис", "Самурай" бондуудын нийт 2.1 тэрбум ам.долларын захиран зарцуулалтыг хариуцаж байсан юм. Ингэхдээ бондуудын мөнгөөр "Гудамж төсөл", "Гэр хорооллын дахин төлөвлөлт" болон 888 төсөл хөтөлбөрүүд зэрэг олон төсөл хөтөлбөрүүдэд санхүүжилт хийсэн гэж тухайн үеийн эрх баригчид мэдээлдэг.
Улмаар Засгийн газраас Хөгжлийн банкны үйл ажиллагаанд шалгалт хийх ажлын хэсэг байгуулсан. Энэ ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр ахалж байгаа юм. Тэрбээр шалгалтын тухайд www.zaluu.com сайтад 2016 оны 10 дугаар сард өгсөн ярилцлагадаа “Нийт дүнгээрээ 1.3 тэрбум буюу эхний дүнгээсээ 4.3 дахин өндөр зарлага гаргасан нь ажлын хэсгийн шалгалтаар илэрсэн. Нэг ёсондоо хямд өртгөөр их ажил хийх дүр үзүүлж төсөл урьтаж авчихаад дараа нь түүнийхээ өртгийг хэд дахин өсгөж Хөгжлийн банкнаас ашиг хүүлдэг байдал нийтлэг болсон нь тодорхой байна.
Гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбат УИХ-ын гишүүн асан Н.Батбаярын зөвлөхөөр ажиллаж байсныг олон нийт мэднэ. Хөгжлийн банкны Хяналт захиргааны газрын захирал гэхэд таваас доошгүй жил банк санхүүгийн байгууллагад, үүнээс гурваас доошгүй жилд нь удирдах албан тушаал хашсан хүн байх ёстой. Гэтэл энэ албан тушаалыг хашиж байсан Ш.Батбилэг нь Эдийн засгийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, ТУЗ-ын дарга асан Б.Шинэбаатарын зөвлөхөөр ажиллаж байсан.
Өөрөөр хэлбэл, бие биендээ хяналт тавьж ажиллах, хараат бус байх зарчим шаардлага хэрэгжих боломжгүй, сонирхлын зөрчилтэй баг Хөгжлийн банкийг удирджээ гэсэн үг. Хөгжлийн банкны албан хаагчдын цалингийн зардал 2011 онд 373.8 сая төгрөг байсан бол 2015 оны жилийн эцсийн байдлаар 4 тэрбум 700 сая төгрөг болж өссөн. Шалгалтын явцад Хөгжлийн банкны удирдлагууд гадаад албан томилолтын төсвийг тухайн үед мөрдөгдөж байснаас хэт өндрөөр тодорхой тайлбаргүйгээр их хэмжээний мөнгө төсөвлөн үрэлгэн зарцуулдаг байсан нь ч тодорхой болсон” хэмээн мэдэгдсэн.
Тэгвэл “Фортуна” Н.Батбаяр www.news.mn сайтад 2017 оны нэгдүгээр сард ярилцлага өгч өөрийгөө болон Н.Мөнхбатыг ямар ч буруугүй гэжээ. Тэрбээр “Хууль зүйн яамнаас байгуулсан Ажлын хэсэг оны өмнө 1.3 их наяд төгрөг Хөгжлийн банкнаас сох дутжээ гэж зарласан. Энэ бол үнэнд үл нийцнэ. Тэгээд ч сох дутсан нэг ч төгрөг байхгүй гэдгийг хүлээн зөвшөөрч, саяхан Хөгжлийн банкны тухай тогтоолыг УИХ баталсан. Ажлын хэсгийн дүгнэлт бол улс төрийн зохиол. Тэр 1.3 их наяд төгрөг зүгээр л жагсаалт байсан шүү дээ. Жишээлбэл, Тавантолгойд 250 сая ам.долларын зээл өгсөн гээд байгаа юм. Тавантолгойн төсөлд мөнгө өгөхгүй юм бол өөр юунд өгөх ёстой байсан юм бэ.
Би буруугүй. Улсаас нэг ч тендер авсан асуудал надад байхгүй. Нуусан, илэрсэн хөрөнгө надад алга. 2004 онд би УИХ-ын гишүүн болсноос хойш миний хувийн эдийн засаг дордсон уу гэхээс дээрдээгүй. Учир нь би өөрийгөө улстөрд бүрэн зориулсан хүн. Би 2004 онд УИХ-ын гишүүн болохдоо ямар байшинд амьдарч байсан яг тэр байшиндаа л амьдарч байгаа. Н.Мөнхбат суллагдсан урьдчилан хорих төвд 14 хоног шалгагдаад гарсан. Шүүхээр түүнийг хорьж шалгах шаардлагагүй гэж үзээд гаргасан. Монголын шүүх засаглалыг үнэн зөвийг нь олдог байгууллага гэж би итгэдэг” хэмээн ярьжээ.
Тэгвэл Н.Батбаярын хэлсэнчлэн Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбаттай холбоотой шүүх хурал болоогүй. Харин ч энэ сарын 7-нд ЦЕГ-ын дарга, тэргүүн комиссар Ө.Энхтөрийн тушаалаар энэ хэргийг цагдаагийн байгууллагаас шалгах ажлын хэсэгт ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Мөрдөн байцаах газар, орон нутгийн Цагдаагийн газар, хэлтсийнхнийг багтаасан. Өөрөөр хэлбэл, Улсын ерөнхий прокурорын тушаалаар Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, тус яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Шинэбаатар, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбат тэргүүтэй хүмүүсийг шалгах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг нэмэгдүүлсэн гэсэн үг.
Тэдний шалгах баримтжуулах гол зүйл нь Хөгжлийн банкаас санхүүжүүлсэн ажлуудыг шалгаж, санхүүгийн гүйлгээнүүд нь хуульд нийцсэн эсэх, мөнгө угаасан үйлдэл буй эсэхийг тогтоох АТГ-ынханд дэмжлэг үзүүлэх гэдгийг ч албаныхан онцлоод байгаа. Гэтэл Н.Батбаяр “Шүүхээс Н.Мөнхбатыг шүүхээр түүнийг хорьж шалгах шаардлагагүй гэж үзээд гаргасан. Монголын шүүх засаглалыг үнэн зөвийг нь олдог байгууллага гэж би итгэдэг” хэмээн ярьсан нь үнэнд үл нийцэх мэдээлэл болоод байгаа юм. Өөрөөр хэлбэл, Н.Батбаяр ажлын хэсгийн шалгалтын дүн гараагүй, хэрэг шүүхэд ч шилжээгүй байхад өөрийгөө болон Н.Мөнхбатыг буруугүй, хэрэг дууссан хэмээн мэлзэж байгаа нь сонин. Үүнийг ажлын хэсэг шалгаж, олон нийтэд энэ хэргийн талаар үнэн бодит мэдээллийг тун удахгүй хүргэнэ гэж найдъя.
Г.СУВД