01.23

Худал мэдээлэл тарааж, салбарын яамыг мэдэгдэл хийхэд хүргэсэн Д.Дагвадорж ямар хариуцлага хүлээх вэ


Д.Дагвадорж өөрийн "Твиттер" хуудаснаа "Нэгдүгээр сарын 5-наас эхлэн хятад иргэ Монголд 30 хоног визгүй зорчих болсон байна. Шоконд оруулсан мэдээ" хэмээн жиргэж, олон нийтийн сүлжээг донсолгоод авав. Түүний энэ жиргээ олон нийтийн сүлжээ ашиглагчдыг талцуулаад зогсохгүй Гадаад харилцааны яаманд ч хүрчээ. Тодруулбал, Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил "Ор үндэсгүй худлаа мэдээлэл тархаж байгаад харамсаж байна. Хятад иргэд одоог хүртэл визтэй зорчсоор байгаа. Удахгүй Гадаад харилцааны яамны цахим хуудаснаа мэдэгдэл нийтлэгдэнэ" хэмээн цахим хуудаснаа няцаалт өгсөн юм. 

Түүгээр ч зогсохгүй “Олон нийтийн сүлжээгээр БНХАУ-ын иргэд Монгол Улсад 30 хүртэл хоног визгүй зорчино гэсэн мэдээлэл гарч байгаа нь ташаа мэдээлэл болохыг Гадаад харилцааны яам хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Гадаад улсын иргэдийг Монгол Улсын визээс чөлөөлөх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэдэг бөгөөд хятад иргэдийг визгүй зорчуулах талаар Засгийн газраас ямар нэг шийдвэр гараагүй болно. Хоёр улсын иргэд харилцан зорчих асуудлыг Иргэд харилцан зорчих нөхцөлийн тухай Монгол, Хятадын хооронд 1989 онд байгуулсан хэлэлцээрийн дагуу зохицуулдаг бөгөөд энгийн паспорттай хятад иргэд Монгол Улсын виз авах шаардлага хэвээр мөрдөгдөж байна. Сүүлийн үед зарим хувь хүмүүс олон нийтийн сүлжээг ашиглан гадаад бодлого, хоёр улсын харилцаатай холбоотой асуудлаар хариуцлагагүй, худал мэдээлэл түгээж, улмаар ард иргэдийг бухимдуулах, хоёр улсын харилцаанд сэв суулгаж болзошгүй мэдэгдэл хийж байгаа тул иргэд та бүхэн эдгээр мэдээллийг сайтар нягталж, зөвхөн албан ёсны эх сурвалжийн мэдээлэлтэй танилцаж байхыг хүсье” хэмээн мэдэгдэл гаргасан. 

Үүний дараа Их аварга Д.Дагвадорж "Гадаад харилцааны сайд мэдэгдэл хийлээ. Би постоо устгалаа. Цаашид юу өрнөөд явахыг цаг хугацаа харуулах байх" хэмээсэн. Ямартай ч Д.Дагвадорж ийнхүү худал мэдээллээ устгажээ. Тэгвэл олон нийтийн сүлжээгээр худал мэдээлэл цацаж, цаашлаад салбарын яамыг мэдэгдэл хийхэд хүргэсэндээ мань эр хариуцлага хүлээхгүй бололтой. 
Мэдээж энэ асуудал урд хөршид тийм ч таатай санагдахгүй нь лавтай. Тиймээс олон нийтийн сүлжээгээр санаатай, санамсаргүй худал мэдээлэл тарааж, олон нийтийг төөрөгдөлд оруулагсдад хариуцлага хүлээлгэдэг байх нь зүйтэй гэдгийг иргэд хэлж байгаа юм. 

Г.СУВД