Эдийн засаг хүндэрсэн талаар өдгөө амтай бүхэн нь ярьж байна. Харин эдийн засаг ийнхүү хүндрэхэд гол нөлөө үзүүлсэн нөхөд өнөөдөр гадаад, дотоодод аялж, галуу шувууны мах идсэн шиг ээ тарвалзаж байгаа юм. Тэгвэл бид “Хариуцлага нэхье” цувралаараа Монголын эдийн засаг элгээрээ хэвтэхэд нөлөөлсөн ч өдгөө тайван амьдарч байгаа нөхдөөс хариуцлага асууж байгаа юм.
Энэ удаа бид "Хариуцлага нэхье-2" цувралдаа "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувьтай холбоотой асуудлыг хөндөж байна.
49 хувийг авсан мөнгөний эх үүсвэр баталгаагүй
“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг худалдаж авсан үйл явдал өнөөдөр олны анхаарлын төвд байна. Дээрх 49 хувийг худалдан авсан хөрөнгийн эх үүсвэрийг шалгахад
-“Монгол зэс” корпорацийн Монгол дахь дүрмийн санг ил тод болгосон гэдэг нэрээр нэмсэн 102 тэрбум төгрөг
- “QSC” ХХК-аас зээлсэн гэх 62,9 сая ам.доллар
-“Ривер стоун пропертис” ХХК-аас зээлсэн 70 сая ам.доллар
-“Юнайтед энержи системс” ХХК-аас зээлсэн 70 сая ам.доллар,
-“Канетик” ХХК-аас зээлсэн 68 сая ам.доллар
- Худалдаа хөгжлийн банкнаас “Монгол зэс” корпорацийн өөрийнх нь зээлсэн 75 сая ам.доллараас тус тус бүрдэж байгааг Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн дүгнэлтээр тодорхой болсон.
Өөрөөр хэлбэл, Эдгээр эх үүсвэрээс авсан зээлээрээ “Монгол зэс” корпораци “Эрдэнэ” үйлдвэр ХХК-ийн 49 хувийг худалдан авсан гэсэн үг. Харин эдгээр компаниас зээлсэн хөрөнгийн эх үүсвэрийг судлан үзэхэд нэр бүхий дөрвөн компанийн авсан зээл давхар Худалдаа хөгжлийн банкнаас зээлсэн зээл байсан гэдэг нь шалгалтын явцад тогтоогдсон байна. Тодруулбал, “Юнайтед энержи системс” ХХК нь 2016 оны зургаадугаар сарын 20-ны өдөр Худалдаа хөгжлийн банкнаас 70 сая ам.долларын зээл авсан бол “Канитек” ХХК нь мөн өдөр 68 сая ам.долларын зээл авчээ. Улмаар “Ривер стоун пропертис” ХХК мөн энэ өдөр тус банкнаас зээл авсан байна.
Ингээд дээрх гурван компани Худалдаа хөгжлийн банкнаас зээлсэн мөнгөө “Монгол зэс” корпорацид давхар зээлүүлсэн болж таарч байгаа юм. Үүнээс гадна “QSC” ХХК-д байсан 62,9 сая ам.долларын зээлийн цаана Монголбанкаас 200 тэрбум төгрөг, Худалдаа хөгжлийн банкнаас 71,3 сая ам.долларын хөрөнгийн асуудал байгаа юм. Эдгээр хөрөнгийн эх үүсвэр, банкны үйл ажиллагаа, банкны зээл болон Ц.Пүрэвтүвшингийн ил тод болгосон гэх хөрөнгийн эх үүсвэрээс бүрдсэн нь шалгалтын явцад тогтоогдсон бөгөөд эдгээр зээлийг хэрхэн, яаж авсан тайлбарыг холбогдох этгээдүүдээс авсан байна.
Тодруулбал, зэс худалдан авах гэрээ, Эрдэнэтийн 49 хувь, Өмнөговь аймагт ирээдүйд баригдах цахилгаан станц, эсвэл огт байхгүй зүйлийг барьцаалсан зэрэг хөрөнгөөр барьцааны гэрээ гэх зүйлийг баталгаажуулж, Худалдаа хөгжлийн банкнаас зээл авсан нь тогтоогдсон байна. Одоогийн мөрдөж буй Банкны тухай хуулийн 3, 6, 7 дугаар зүйлд банкны эрхлэх үйл ажиллагааны хязгаарыг тогтоож, эдгээр зүйлд зааснаас өөр зүйл ажиллагаа явуулахыг хуулиар хориглосон байна.
Гэтэл Худалдаа хөгжлийн банкны гол хувьцаа эзэмшигчид болон түүний шууд удирдлагад ажилладаг гүйцэтгэх ажилтнууд 2011 оноос хойш өөрсдийн нэр дээр олон тооны аж ахуйн нэгж байгуулж, тэдгээрийн нэр дээр тодорхой төрийн өмчит компаниудыг хувьчилж авах, концессийн гэрээ байгуулах, худалдан авах зэрэг аж ахуйн үйл ажиллагаа явуулсныг я шалгалтаар тогтоосон. Хэдийгээр Худалдаа хөгжлийн банк санхүүжилт хийсэн хэмээн мэдэгдэж байгаа ч нэг ёсондоо Монголын мөнгөөр “Эрдэнэт” үйлдвэрийга авсан гэдэг нь эндээс тодорхой харагдаж байгаа юм. Ингэхдээ хууль зөрчиж, хөрөнгийн эх үүсвэр бүрдүүлснийг ч албаныхан мэдэгдсэн.
“QSC” ХХК сүүлийн үеийн ихэнх концессын гэрээг гүйцэтгэж байна
“Монгол зэс” компанид зээл олгосон дөрвөн компанийн тухайд бид судалж үзсэн билээ. Тэгвэл “QSC” хэмээх компанийн нэр сүүлийн үеийн томоохон концессын гэрээнүүдтэй холбогдож байна. Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг "QSC" ХХК 30 жилийн хугацаатай 36,0 сая долларын концессын гэрээгээр авсан байна. Тодруулбал, УИХ 2010 оны хоёрдугаар сарын 4-нд Төрийн өмчийг 2010-2012 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэлийн тогтоол гарган баталсан. Энэ үндсэн чиглэлд Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг хувьчлах тухай дурдсан байдаг. Төрийн өмчит компанийг уламжлалт арга хэлбэрээр хувьчлахын зэрэгцээ хувьцааг нь хөрөнгийн биржээр арилжих, нэмэлт хувьцаа гаргаж нийтэд санал болгох, концессын гэрээ байгуулах, төр, хувийн хэвшлийн түншлэлийн бусад хэлбэрийг ашиглан хувийн хөрөнгө оруулалтыг татах аргыг голлоно гэж уг тогтоолд заасан.
Төрийн өмчийн хороо энэ шийдвэрт үндэслэж, Дарханы төмөрлөгийн үйлдвэрт хөрөнгө оруулалт хийх гэрээг 2010 онд “QSC” компанитай байгуулсан байдаг. Эдийн засгийн хөгжлийн яам 2012 онд байгуулагдаад концессын жагсаалтыг шинэчлэхдээ Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг үүнд багтаажээ. Үүний хүрээнд Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг “QSC” компанид эзэмшүүлэх гэрээг 2014 оны дөрөвдүгээр сарын 4-нд байгуулсан байна.
Түүнчлэн “QSC” компани Сэлэнгэ аймагт "Уул уурхай металлургын цогцолбор" төслийг концессын гэрээгээр авч, 2015 онд ажлаа эхлүүлжээ. Тэгвэл интернэт хайлтад энэ компанийн талаарх мэдээлэл тун хомс байх аж. Концессын гэрээ авсан тухай мэдээлэл байхаас тус компани оффис чухам хаана байдаг, ямар үйл ажиллагаа эрхэлдэг талаар дэлгэрэнгүй мэдээлэл алга.
Харин “Монгол зэс” корпорацид 70 сая доллар зээлүүлсэн гэх “Ривер стоун пропертис” ХХК-ийн талаар уул уурхайтай холбоотой мэдээлэл байхгүй ч “Riverstone” хэмээх хотхонтой холбоотой байж магадгүй байгаа юм. Мөн 70 сая ам.доллар зээлүүлсэн “Юнайтед энержи системс”, 68 сая доллар “Канетик” ХХК-ийн талаар ч мэдээлэл хомс байна. /Бид эдгээр компанийн талаар эргэн мэдээлэх болно./
Худалдаа хөгжлийн банкны удирдлагууд хууль бус бизнес эрхэлж байна уу
Ийнхүү Худалдаа хөгжлийн банкны удирдлагууд болон ажилтнууд 2011 оноос хойш өөрсдийн нэр дээр олон тооны аж ахуйн нэгж байгуулж, тэдгээрийн нэр дээр тодорхой төрийн өмчит компаниудыг хувьчилж авах, концессын гэрээ байгуулах, худалдан авах зэрэг аж ахуйн үйл ажиллагаа явуулсан бөгөөд ингэхдээ банкны эх үүсвэр, Монголбанкнаас олгосон зээл, улсын төсвөөс олгосон зээл, Засгийн газрын баталгаа зэрэг эх үүсвэрийг ашигласан байх үндэслэлтэй байгаа аж.
Уг нь Банк нь Санхүүгийн зохицуулах хорооны зөвшөөрөлтэйгээр зургаан төрлийн санхүүгийн үйл ажиллагааг эрхэлж болохоор заасан. Гэтэл Худалдаа хөгжлийн банк, түүний ажилтнуудын оролцоотойгоор банк арилжааны бизнес эрхэлж, Банкны тухай хууль тогтоомжийг зөрчжээ. Өөрөөр хэлбэл, банкны хувьцаа эзэмшигч нь эзэмшиж буй хувь хэмжээгээр хариуцлага хүлээж байхаар заасан. Гэтэл Худалдаа хөгжлийн банк үүнийг зөрчсөнийг ч шалгалтаар тогтоосон. Үүнээс гадна Монгол зэс корпорацид зээл олгохдоо Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг барьцаалж, Худалдаа хөгжлийн банкны захирал О.Орхон Монгол зэс корпорацийг төлөөлж, Эрдэнэт үйлдвэрийн ТУЗ-ийн гишүүн болсон зэргээс харахад Худалдаа хөгжлийн банк Монголын мөнгөөр “Эрдэнэт”-ийн 49 хувийг өөрийн болгосон байгаа юм. Иймээс энэ асуудалд хариуцлага нэхэх нь зүйтэй биз ээ.
Үргэлжлэл бий...
Г.НАРАН