Солонгосчууд сарны тооллоор шинэ он гарах баярыг шинэ жил гэхээсээ илүү хаврын баяр гэдэг утгаар нь угтдаг. Тиймээс хийж буй зан заншил нь арвин ургац авч, амьдрал сайн сайхан байхыг бэлгэддэг. Том багагүй ханбуг гэж үндэсний хувцсаараа гангарч, өвөг дээдэстээ тахил өргөн үр хойчдоо ач буянаа өгөхийг гуйдаг. Цагаан сарын өглөө эртлэн босоцгоож, хоол унд бэлтгэн, өргөл тахилга үйлдэх ба үүнийг Жончучаре гэдэг. Гэр орондоо үр хүүхдээ цуглуулан ёслолын идээгээр ширээ засч өөрөөсөө дээш дөрвөн үеийн өвөг дээдэст мөргөж ёслон идээ ундааныхаа дээжийг өргөнө. Энэ ёслолд зориулсан хоол ундыг ч ёс журмын дагуу бэлтгэх хэрэгтэй.
Ширээн дээр тавихдаа ч хатуу тогтсон дэгтэй. Тахил өргөж дууссаны дараа бүгд ширээнд сууж идэж уун, наргиж цэнгэж эхэлдэг юм. Гэхдээ үүнээс өмнө бас нэг зан үйлийг заавал гүйцэтгэнэ. Гэрийн ахмад настнуудад залуус мөргөж хүндэтгэлээ илэрхийлнэ.
Эхлээд өвөө эмээдээ, дараа нь аав ээждээ, тэгээд авга нагац нартаа гэхчилэн ээлж дараагаар мөргөхдөө баяр хүргэсэн үгийг заавал хэлэх ёстой гэнэ. Мөн амттан, мөнгө зэргийг ч барина. Энэ үйлийг хүн бүр хийх ёстой. Эс хийвээс хүндэтгэл үзүүлсэнгүй хэмээн гомдох учраас хүмүүс хаврын баярын үеэр заавал төрсөн гэр рүүгээ явдаг.
Үүнд зориулан бүх нийтээр гурав хоногийн амралт хууль ёсоор эдэлдэг юм. Золголт дууссаны дараагаар мөргөл үйлдэхдээ хэрэглэсэн догны шөлийг идэцгээж, төрөл төрөгсдийндөө очин золголт хийнэ. Золголт хийж байгаа айлаас ахмадуудад архи идээ будаа бэлтгэн, хүүхдүүдэд чихэр боорцог, мөнгө бэлэглэдэг. Тиймээс хүүхдүүд энэ өдрийг тэсч ÿдан хүлээдэг. Цагаан сараар дүүжин даажин, юүннури, цаасан шувуу хийсгэх зэрэг тоглоом наадгайгаар наадах ба дүүжин даажин нь голдуу эмэгтэйчүүдийн тоглодог тоглоом юм.