Непаль улсад тохиосон аймшигт газар хөдлөлтөд найман сая орчим хүн хохирол амсаж, 1.4 сая хүн хоол хүнсний хомсдолд орж, тусламж шаардлагатай болоод байгаа тухай НҮБ мэдэгдлээ. Тус улсад олон улсын тусламж хүргүүлж байгаа ч эмнэлэг, хоол хүнсний бараа болон цогцосны уут хомсдолтой хэвээр байгаа аж. Бямба гаригт Непальд 7.8 баллын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас Катмандуд олон тооны байшин барилга сүйдэж, хэд хэдэн газарт их хэмжээний хохирол амссан байна. Засгийн газрын ажилтны мэдэгдэж буйгаар, Мягмар гаригийн байдлаар амиа алдагсдын тоо 4,310-т хүрч, 8,000 орчим хүн гэмтэж бэртжээ. Түүнчлэн Непаль болон ойр орчмын бүс нутагт гэнэтийн гамшгийн дараах цочирдол одоог хүртэл арилаагүй байгаа юм. Непалийн нийслэл Катмандуд олон мянган хүн гэртээ орохоос айж, гурав дахь шөнийг гадаа өнгөрүүлсэн байна. Иргэд цэвэр ус, хоол хүнс, эрчим хүчний хомсдолд орсны зэрэгцээ халдварт өвчин дэгдэх аюултай гэдгийг албаны хүмүүс мэдэгджээ.