Төрд гарчихаараа түмнийг мартдаг, тэнгэрээс тольдогчийн дүрд хувирчихдаг нөхдүүд олон. Тиймээс ч Ерөнхийлөгчөөс өмнөх парламентын үед өргөн барьсан Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хүлээлгэх хариуцлагын тухай хуулийн төслийг энэ парламент батлаж гаргах уу гэдэг нь анхаарал татаж буй. Өмнөх парламентийн үед УИХ, байнгын хорооны хуралдаанаар уг хуулийн төслийг “Хэлэлцэх нь зүйтэй” гэж үзсэн ч, хэрэг дээрээ хэлэлцэхгүй байсаар дараагийн парламент руу шидсэн. Энэ парламентын тухайд МАН-ынхан үнэмлэхүй олонхийн хувьд уг нь ямар ч асуудал дээр гацахгүй байх боломжтой. Ялангуяа Монгол төрийг хариуцлагажуулах, төрийн эрхэнд гарсан нөхдүүдэд хэр хэмжээтэй байхыг хуульчлан сануулж өгөх нь зайлшгүй чухал байгаа. Гэвч улстөрчид үүнийг хүсэхгүй байгаа бололтой. Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд уг хуулийн төсөл амжвал хаврын чуулганаар, амжихгүй бол ирэх намрын чуулганаар хэлэлцэгдэнэ гэсэн ч, гишүүдийн хандлагаас харахад хуулийн төслийг урагшлуулах сонирхол алга байгаа юм. О.Содбилэг гишүүн “УИХ-ын гишүүд сонгогдсоны дараа эгүүлэн татах нь мөнхийн хэрүүл дагуулна. Тиймээс л дараагийн сонгуулиар ард иргэд дүнгээ тавьдаг тогтолцоотой. Хариуцлагын асуудал ардчилсан журмаараа явж байгаа. Тийм ч учраас өнөөдөр МАН-аас 65 гишүүн сонгогдсон. Гэтэл сонгуульд ялагдсан тал нь нөгөө хүнээ эгүүлэн татах эцэс төгсгөлгүй маргаан гаргах шаардлагагүй” гэсэн бол нэр бүхий гишүүд ч ийм чиглэлийн байр суурь илэрхийлээд байгаа юм.
Ер нь бол хариуцлагын асуудал ардчилсан журмаараа явж байгаа гээд л, зөөлөн суудалдаа тухлаад байх бололтой юм. Уг нь ард түмэн тэнэг биш. Хаана юу болохгүй байгааг харж буй. Монголын төрд хариуцлага, хяналт хэрэгтэй гэдгийг хуульч, судлаач Х.Бат-Ялалт эрхэм байнга хэлдэг. Тэрбээр “Ямар ч хяналтгүй эрх мэдэл дээр очсон хүн хулгайч л болно шүү дээ. Хүссэн зүйлээ л хийхийг бодно. Гэсэн мөртлөө хуулин дээр хийж болохгүй үйлдлүүдийг нь заачихсан байдаг. Хийж болохгүй үйлдлээ хийхийн тулд, өөрийн гэсэн багаа бүрдүүлдэг, өөрийгөө хамгаалдаг байдал бий болчихсон. Одоо тэр төрийн ордны эргэн тойрных нь байдлыг аваад үз л дээ. Төрийн ордон төрийн тусгай хамгаалалт гэдэг чинь засгийн эрх барьж байгаа хүмүүсийн аюулгүй байдлыг хамгаалах үүрэгтэй байгууллага. Түүнээс биш тэднийг гэмт хэрэг үйлдсэн байхад нь хамгаалдаг байгууллага биш. УИХ-ын гишүүний бүрэн эрх гэдэг чинь тэр гишүүнийг хараат бусаар ажиллах баталгааг нь хангахад зориулагдсан механизм болохоос биш гэмт хэрэг хийчихсэн нэг нөхрийг хамгаалдаг механизм биш. Бид нарын зөв бодож хийсэн юм сөрөг үр дагавар авчирсны тод жишээ энэ. УИХ-ын гишүүнийг хэнээс ч хараат бус ажиллах баталгааг нь бүрдүүлэх зорилгоор хуулиндаа УИХ-ын гишүүн бол хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээхгүй гэхчлэн эрх өгчихөөд байна шүү дээ. Тэгээд цөөхөн хэдхэн тохиолдолд бүрэн эрхийг нь түдгэлзүүлнээ гээд заачихсан. Тэгэхээр нөхдүүд гэмт хэрэг үйлдээд, өөрийгөө хаацайлж, амиа авардаг газар гэж Төрийн ордныг ойлгочихсон. Төрийн ордон ороход маш хэцүү гэдгийг хүмүүс мэднэ шүү дээ. Хүмүүс орох гэхээр хамгаалагч нар гарч ирээд, төрөө хамгаалаад байгаа юм, уг нь. Гэтэл тэр дотор нь гэмт хэрэг хийчихсэн хулгайч нар байгаа байхгүй юу. Энэ сонин дүр зураг л даа. Хулгайч нар өөрсдийгөө хамгаалчихаад, дээрээс нь гэмт хууль батлаад байна шүү дээ. Гэмт этгээдүүд өөрсдөдөө тохирсон гэмт хууль батлаж байгаа. Баахан хулгай луйвар хийж хийчихээд тэрийгээ хамгаалсан, Үндсэн хуулиа зөрчсөн хууль тогтоомжууд санаачлаад сууж байна. Үүнд ард иргэд бухимдаад байгаа. Тэгэхээр бухимдаад суугаад байлгүй бодитойгоор нэгдээд Монгол төрийн ариун ордноос луйварчдыг зайлуулах, ямар ч муу хүн тэнд орогнох боломжгүй хяналттай нийгмийг, хяналтын системийг л бий болгоё гэдэг саналыг бид тавьж байгаа юм.” хэмээн ярьж байсныг энд тодотгон хүргэж байна.
Ерөнхийлөгчөөс өргөн барьсан Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хүлээлгэх хариуцлагын тухай хуулийн төсөлд тусгасан агуулгаас хүргэхэд Монгол Улсын Ерөнхийлөгчийг огцруулах УИХ-ын чуулганд оролцсон нийт гишүүний олонхийн саналаар шийдвэрлэх зэргийг тодорхой тусгажээ. Ерөнхийлөгч өргөн тангарагаасаа няцах, Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг зөрчсөн талаар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт гарсан тохиолдолд огцруулж болно.
УИХ-ын дарга, дэд даргыг Үндсэн хуульт байгууллагын эсрэг үйл ажиллагаа явуулсныг, хууль ноцтой зөрчсөн нь тогтоогдсон тохиолдолд холбогдох байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэн УИХ-ын нийт гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь дэмжсэн тохиолдолд огцруулна.
УИХ-ын гишүүд хууль зөрчсөн, УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийг удаа дараа эсвэл ноцтой зөрчсөн, тухайн жилийн УИХ-ын чуулганы нэгдсэн болон байнгын хорооны хуралдааны гуравны нэгээс илүү хувийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тасалсан тохиолдолд УИХ-аас эргүүлэн татаж болно. Мөн тойргоос сонгогдсон гишүүдийг тойргийнх нь сонгогчдын 15 хувиас тоошгүй нь эргүүлэн татах хүсэлт гаргасан, түүнд гарын үсэг зурсан тохиолдолд УИХ-ын гишүүнийг эргүүлэн татна. Ингэхдээ сонгуулийн эхний жил болон сүүлийн жил эргүүлэн татах хүсэлт гаргахгүй.
Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн Үндсэн хууль байгууллагын эсрэг үйл ажиллагаа явуулсныг Үндсэн хуулиийн цэцийн дүгнэлтээр тогтоосон, гэмт хэрэг үйлдсэнийг шүүх тогтоосон бол огцруулна. Засгийн газрын гишүүнийг огцруулах асуудлыг Ерөнхий сайд УИХ-д өргөн мэдүүлнэ.
УИХ-аас томилогдсон албан тушаалтан нь Авлигын эсрэг хууль зөрчсөн, тухайн албан тушаалд тавигдах ёс зүйн шаардлагыг удаа дараа зөрчсөн эсвэл алдаа гаргасан, албан үүргээ биелүүлээгүй буюу хангалтгүй биелүүлсэн нь огцруулах үндэслэлтэй гэж УИХ-ын наймаас доошгүй гишүүн үзсэн бол огцруулна.
Аймаг, нийслэлийн Засаг даргыг Ерөнхий сайд огцруулна. Гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон, ёс зүйн шаардлагыг ноцтой зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй, хангалтгүй биелүүлсэн бол Ерөнхий сайд огцруулах санал гаргаж, аймаг, нийслэлийн ИТХ-аар хэлэлцүүлнэ гэхчлэн тусгасан байгаа юм.
Эх сурвалж: Шуурхай.мн