02.01

Бондын өрийг ард түмний хандиваар биш оффшорчдын хулгайлсан мөнгөөр нь төлүүлье

 

Шинэчлэлийн гэх тодотголтой Н.Алтанхуягийн Засгийн газар 2012 онд 1.5 тэрбум долларын бонд гаргаж арилжаалсан. Чингис” хэмээн нэрийдэж, Сингапурын хөрөнгийн биржэд бүртгүүлсэн 1.5 тэрбум долларын бондоо гадаадын хөрөнгө оруулагчдад богино хугацаанд амжилттай арилжаалсан.

Ингэхдээ, таван жилийн хугацаатай 500 сая долларын бондоо жилийн 4.125 хувийн хүүтэй, арван жилийн хугацаатай 1  тэрбум долларын бондоо жилийн 5.125 хувийн хүүтэй арилжаалсан юм. Энэ мөнгийг таван салбарын төсөл хөтөлбөрүүдэд зарцуулахаар төлөвлөсөн хэмээн тухайн үеийн эрх баригчид мэдэгдэж байв.

Тэгвэл өртэй хүн өөдөлдөггүй, өттэй мал таргалдаггүй гэгчээр Монгол Улс энэхүү бондын өрийг төлөх хугацаа хаяанд ирчихжээ. Өөрөөр хэлбэл, манай улс Хөгжлийн банкаар дамжуулан зарцуулалт хийсэн хоёр тэрбум 80 сая ам.долларын зээлийн өр бий болжээ. Мөн 30 тэрбум иенийн зээлийг ч орхиж болохгүй. Тодруулбал, Хөгжлийн банкны зээлсэн 580 сая ам.долларыг 5.75 хувийн хүүтэй, таван жилийн хугацаатай зээлсэн бөгөөд 2017 оны гуравдугаар сард эргэн төлөх юм.

Энэ оны гуравдугаар сард 580 сая долларын өр төлөх болчихоод байгаа энэ үед улс орон даяараа хямарч байна. Тиймдээ ч эхнээсээ хандив тусламж санал болгож, бүр зарим нь өгөөд эхэлжээ. Тодруулбал, Монгол улсын гавьяат эдийн засагч Б.Осоргарав хувиасаа 10 сая төгрөг, 10 адуу, алтан бөгжөө хандивлаж байгаагаа зарласан. Мөн тэрбээр 30 хүртэлх насны хүмүүс хандивт өргөх мөнгөө насныхаа эрэмбээр өсгөж өгвөл сайн. Ингэхэд 1000 төгрөгөөс өссөөр 23 мянга болно. Тухайлбал, найман настай бол 1000 төгрөг, есөн настай бол 2000 гэх зэргээр 30 нас хүртэл 1000 төгрөгөөр өсгөн, 31-ээс 40 насны хүмүүс 150.000 төгрөг, 41-ээс 50 насны хүмүүс 200.000, 51-ээс 60 насны хүмүүс 150.000, 61-70 насны хүмүүс 50.000, 71-ээс дээш насны хүмүүс тус бүр 20.000 төгрөг хандивлахад улсад 214 тэрбум төгрөгийн хуримтлал бий болгож өгч чадна гэх тооцооллыг ч гаргажээ.

Түүний санаачилгыг дэмжиж, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Н.Оюундарь болон “Моннис”, “Ажнай” зэрэг компани ч нэгдсэн сурагтай. Гэхдээ эдийн засагч Б.Осоргаравын тооцоолсон шиг хандив өргөх иргэн хэр байгааг ч тооцоход гэмгүй. Үндсэндээ олон нийтийн дунд энэхүү хандивын үйл ажиллагааг тэгтлээ дэмжихгүй байгаа юм. Учир нь тухайн үед эрх барьж байсан нөхөд болон бондоос зээл авсан хүмүүсээс энэхүү өрийг төлүүлэх нь зүйтэй гэцгээж байна. Түүнчлэн оффшор бүсэд байршуулсан мөнгийг эх орондоо оруулж ирэх хуулийн төслийг яаралтай баталж, тухайн эздэд нь ямар нэгэн хариуцлага тооцохгүйгээр оффшорын хөрөнгийг нь улсын өмч болгох хэрэгтэй гэсэн санаачилга ч гараад байгааг дурдах юун.

Үндсэндээ Хөгжлийн банкнаас зээл авсан нөхөд нэртэй устайгаа дурайж байхад ард түмэн хоногийн хоолноосоо хувааж тэдний өрийг төлөх шударга бус. Чингис бондын зарцуулалтыг харахад, 1 км замыг 1.9 тэрбум төгрөгөөр тавьчихсан нөхдөөс энэ хөрөнгийг асуух нь зүйтэй биз ээ.

Ямартай ч өрийн талаар Засгийн газрын тэргүүн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Нэр хугарахаар яс хугар гэж сургаж ирсэн, бидэнд эх орон хамгийн үнэ цэнтэй. Энэ үүднээс би нэг удаагийн уулзалт дээр “Эдийн засгийн хямралыг эрсдэлгүй давах, эх орныхоо нэр хүндийг муугаар дуудуулахгүйн тулд шаардлагатай бол би ард түмэндээ ичихгүйгээр хандана” гэж хэлсэн удаатай. Гэхдээ өнөөдөртөө тийм байдал үүсээгүй байна. Монгол Улс авсан өрөө цаг хугацаанд нь бүрэн төлнө, эдийн засгийн хямралаа ч давж чадна. УИХ, Засгийн газар, холбогдох албаныхан ажиллаж байна” хэмээн мэдэгдлээ.
 
Түүгээр ч зогсохгүй Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Батбаяр “Хөгжлийн банкнаас 2017 оны гуравдугаар сарын 21-нд төлөх евро бондыг саадгүй төлөх нөхцөл байдал бүрдээд байгаа. Үүнтэй холбоотойгоор олон улсын зах зээл дээр 2016 оны арванхоёрдугаар сард Монгол Улсын Хөгжлийн банкны бондын эх үүсвэр 15 орчим хувийн хүүтэй байсан бол өнөөдөр нэг оронтой тоонд орсон. Цаашид санхүүгийн чадавхаа үе шаттайгаар нэмэгдүүлснээр олон улсын зах зээл дээрээс босгох бондын эх үүсвэрийн өртөг буурна. Энэ хэмжээгээр дунд хугацааны төсөл арга хэмжээг хямд зардлаар хэрэгжүүлэх боломжтой болно. Хөгжлийн банкны тухай хууль батлагдсанаар бид өмнөх таван жилд гаргасан алдаагаа давтахгүй, эдийн засгийн үр ашигтай төслүүдийг хэрэгжүүлэх эрх зүйн орчин бүрдэх юм” хэмээн ярьжээ.

Тэгэхээр үндсэндээ эрх баригчид энэ өрийг төлөх гарц олсон бололтой. Тэгэхээр ард түмэн тайван байж болох нь. Харин өр төлөх гарц олсон гээд бонд хувааж идсэн нөхдийг хэрхэвч толгойг нь илээд зүгээр өнгөрүүлж боломгүй. Тиймдээ ч Хөгжлийн банкаар дамжуулж зээл авсан, Чингис, Самурай бондоос идсэн нөхдөөс идсэн мөнгийг нь төлүүлж, хатуу хариуцлага тооцох нь зүйтэй биз ээ.

Г.НАРАН