02.01

ЭЕШ-ын монгол, англи, орос хэлний шалгалтын даалгаврууд нэмэгдсэн гэв


ЭЕШ-ын шалгуулагчын бүртгэл өнөөдөр 09.00 цагт орон даяар эхэлсэн. Бүртгэлийн хугацаа дөрөвдүгээр сарын 14-ны 18.00 цагт дуусах бөгөөд хугацаа, цагийг сунгахгүй, нэмэлт бүртгэл хийхгүй юм байна.

Үүнтэй холбогдуулан, Боловсролын Үнэлгээний Төвөөс мэдээлэл хийлээ. Тодруубал, Элсэгчид Засгийн газрын 37-р тогтоолын дагуу эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшинг тогтоох, сайжруулах зорилготойгоор монгол хэл, бичгийн шалгалтыг заавал өгөх бөгөөд босго оноогүй болсон юм. 

Одоогоор шалгалтын өдрийг эцсийн байдлаар товлоогүй байгаа бөгөөд "БСШУСЯ-тай зөвшилцөөд өмнөх жилүүдийн жишгийн дагуу зургаадугаар сарын дунд 10 хоногт зохион байгуулна" гэв.

Мөн ЭЕШ-ын хураамж шалгалт бүр 5800 төгрөг бол батламж хуудас 700 төгрөгийн үнэтэй аж. Харин шалгалт өгөхөөр сонгосон хичээлээ нэмэх бол онлайн бүртгэлийн хугацаанд Боловсролын үнэлгээний төвд хандах юм байна.

Энэ жил ЭЕШ-ын монгол хэл, англи хэл, орос хэлний шалгалтын агуулгад шалгуулагчдын сонсоод ойлгох чадварыг шалгах даалгаврууд нэмэгдсэн аж.

Дашрамд, хариултын хуудсыг бөглөхдөө хар болон цэнхэр өнгийн үзгэн балаар бөглөх юм байна.

Шалгалтад бүртгүүлэхдээ:

Цахим үнэмлэх
Чээж зураг
Интернэт гүйлгээ хийх эрхтэй төлбөрийн карт болон Paycode \БҮТ-ийн дотоод төлбөрийн хэрэгсэл\
И-мэйл хаяг \Шалгуулагч бүр зөвхөн өөрийн и-мэйл хаягаас бүртгүүлнэ\
Хэрвээ хувийн мэдээлэл алдаатай буюу регистрийн дугаараа буруу оруулсан тохиолдолд өөрийн сургуулийн сургалтын менежер болон ангийн багшаараа дамжуулан БСШУСЯ-ны боловсролын салбарын мэдээллийн системд засуулах шаардлагатай юм байна.

Т.Гэрэл