02.01

Та шинээр үйлдвэрлэл эрхлэх гэж байгаа бол дараах зөвлөгөөг уншаарай


2011 онд тавилгын үйлдвэр нээх гээд Тианжинд байх танил Хятад дээрээ очлоо. Тэднийх тавилгын үйлдвэр ажилуулдаг юм л даа. Хуучин хэрэглэж байсан тоног төхөөрөмжөө хямд үнээр зарах гэж байсан тул тэрийг нь л сонирхож очсон хэрэг л дээ.

Очиход найрсаг угтаж аваад оройн зоог хамт барив. Мань хүн ерөөсөө тавилгын тоног төхөөрөмжийнхөө талаараа ярихгүй чимээгүй л суугаад байлаа. Би ам нээж:
- Чи үйлдвэрээ шинэчилж байгаа гэсэн. Тоног төхөөрөмжөө надад зарах уу гэв. Мань хүн:
- Дөлгөөнөө чи бод. Энэ тоног төхөөрөмж эвдэрвэл үгүй ядаж тохиргоо нь алдвал би нүдээ аниад ч хамаагүй янзлаад үйлдэврээ явуулаад байж чадна. Харин чи чадахгүй. Чи занг нь мэдэхгүй.

Танай Ар Монгол олон залуучуудтай би их дотно нөхөрлөдөг. Тэд нэг л алдаатай. Юу гэхээр ямар ч зах зээлийн судалгаа хийгээгүй байж надаар баахан машины сэлбэг хайлгаж байгаад л аваад явдаг. Яаж ажиллах нь тодорхойгүй юм нь дээр янзр бүрийн гоймон, бээлий нэхдэг, оймс нэхдэг тоног төхөөрөмж аваад явна. Очоод үсрээд л жил болоод дампуурдаг.

Манай Хятад залуучууд бол ямар нэгэн шинэ үйлдвэр нээхээр бол галт тэргэнд сууж тэрийг үйлдвэрлэдэг тосгонд очиж 1 сар орчим цалингүй ажиллаж байгаад өөрөө дадлагждаг. Тэгээд ажилласан газраа өөрийнхөө зарах гэж байгаа цамцыг захиалаад тэгээд жил орчим зараад үнэхээр ашигтай байвал, бас их хэмжээний захиалга орж ирсэний дараа л үйлдвэр нээх бодол толгойд нь орж ирдэг. Харин танай Монголчууд өр тавин барин, банкнаас хүүтэй мөнгө зээл босох гэдэг. Яг юунд найдаж юунд түшиглэж нээж байгаа нь сонин гэж хэлээд тамхиа асааж билээ.

Тиймээс та бүхэнд хэлэхэд яг иймэрхүү байдлаар, банкны зээлээр, хүүтэй мөнгөөр босч ирэх гэж байгаа бол хэрэггүй л гэж хэлмээр байна. Их бага нь хамаагүй хуримтлал дээр босч ирсэн бизнесийн хөл дээрээ бат зогсох магдлал 70% гэж багш минь зааж байсан. Эхлээд хийх гэж байгаа зүйлдээ суралц. Дадлагжаад, нүдээ аньсан ч хийж чадaхаар болчих. Дараа нь түүндээ ажиллаж, үр дүнг нь олж хар. Дараа нь хувийн зүйлээ нээгээрэй гэж хэлмээр байна.

Erdenebileg Dulguun