Сэтгүүлчийн үг
УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа, экс сайд М.Зоригт нарын автомашин худалдан авсан болон худалдсан гэрээний хуулбартай танилц. 2 жил ашигласан автомашинаа анхны үнээр нь зарсан байдаг. Мөн экс сайд М.Зоригтын “Мөнхчулуун” сангийн автомашиныг УБТЗ-ын авто баазын нэр дээр шилжүүлсэн баримт. 2 жил орон нутагт ашиглагдсан автомашиныг анхны үнэ 130 сая төгрөгөөр худалдан авчээ.
Хамгийн сүүлд хуралдсан МАН-ын бага хурлаар Завхан аймгийн МАН-ын хорооноос бага хурлын гишүүнээр сонгогдсон УБТЗ-ын дарга Д.Жигжиднямааг тойрсон дуулиан үргэлжилсээр байна. Гэмт хэрэгтнүүдээр удирдах багаа бүрдүүлсэн хэргээр Москва хотноо дуудагдан очиж сануулга авсан мань эр өөрийн намаа биш өрсөлдөгч намын гишүүнийг харамгүй дэмжиж явна.
15.000 ажилтныг эгнээндээ нэгтгэсэн Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ яах аргагүй том айл. Бие даасан эмнэлэг, сургууль цэцэрлэг, соёлын төв, цагдаагийн хэсэг, авто бааз, үйлчилгээний газруудтай гэдгээрээ жил бүр ханган нийлүүлэлтийн том тендерүүд зарлагддаг. Энэ удаа замын даргын эрх мэдэл, хүч нөлөөгөө ашиглан УИХ-ын гишүүн асан, Зам тээврийн сайд асан М.Зоригтыг “харж үзжээ”. “Шахаа” хийж мэргэшсэн хүмүүс тэр үйлдлээ баяр, ёслолын өдрүүдтэй давхцуулдаг тренд нэгэнтээ бий болсон. Үүнийг хуулийнхан “чоно борооноор...” гэж томъёолдог. 2016 оны 12 сарын 28 өдөр Зам, тээврийн экс-сайд М.Зоригт нь “Мөнхчулуун” сангийн нэр дээр бүртгэлтэй байсан 06-68 УБЛ, өөрийн нэр дээр бүртгэлтэй байсан 06-69 УНҮ тус тус улсын бүртгэлийн дугаартай байсан 2015 онд үйлдвэрлэгдсэн Y62 загварын “Ниссан Патрол” маркийн 2 ширхэг автомашиныг “УБТЗ” ХНН-д амжилттай “шахаж”, 2 автомашины үнэ нийт 260 сая төгрөгийг халаасалж амжив. Асуудлыг нэлээд шаргуу хөөцөлдөж, 2 жил унасан тус бүр 40 мянга гарсан гүйдэлтэй 2 жийпийг 2017 оны 01-р сарын 02 өдөр “УБТЗ”-д шилжүүлсэн байна. Энэхүү автомашиныг Монгол Улсад албан ёсоор борлуулагч “Моннис” группын сайтанд цоо шинэ “NISSAN PATROL Y62”-ийг 130 сая төгрөгөөр худалдана гэжээ. Харин зарын сайтуудаар орж үзвэл яг энэ автомашинтай ижил эзэмшигч нь унаж байсан хүлгүүд 40 мянгаас дээш гүйдэлтэй бол 50-70 сая төгрөгийн үнэтэй байна.
2014 онд Н.Алтанхуягийн тэргүүлсэн Шинэчлэлийн засгийн газар огцроход Ч.Сайханбилэг Ерөнхий сайд болж байв. Улмаар сөрөг хүчин МАН-ыг засгийн газарт урьж Зам тээврийн сайдаар Н.Төмөрхүүг томилж байлаа. Энэ үеэс эхлэн УБТЗ-ын даргаар Т.Очирхүүг ажиллаж байхад вант улсаас хөөгдсөн Д.Жигжиднямаа “МАХН-ыг дэмжихээ больсон МАН-даа ирлээ” гэсээр орлогч даргын албан тушаалд хүрсэн юм. Харин МАН засгийн газраас гарсны дараа Зам тээврийн сайд М.Зоригттой “Бид 1 ангийн хүүхдүүд” гэсэн ээлжит дүрдээ тоглож эхэлсэн. Ардчилсан намыг засгийн эрхэнд байхад УБТЗ-ын дарга болохоор улайран зүтгэсэн ч нийгэмлэгийн Монголын талын ерөнхий хувь нийлүүлэгч ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтын эсэргүүцлээр мөрөөдөл нь хойшилсон түүхтэй. Үе үеийн төрд нүүртэй, аль ч намд тал алддаггүй, төмөр замын салбараас төрсөн энэхүү тэрбумтны үйлдлийг МАН-ын удирдах зөвлөл хэлэлцэх нь дамжиггүй юм.
УБТЗ-ын даргаар намын бодлого зөрчин томилогдсон, удирдах албан тушаалтнуудаараа эрүүгийн хэрэгт ял шийтгүүлж явсан хүмүүсийг дур мэдэн томилсон, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй, ОХУ-ын “РЖД” нийгэмлэгийн ерөнхийлөгч О.В.Белозёровын бухимдлыг төрүүлэн Москва хотноо дуудагдан сануулга авсан гэгддэг Д.Жигжиднямаагийн дуулиант үйлдлүүд олон асуудал дагуулж байна. УБТЗ-ын 1-р орлогч дарга А.В. Ушаков, санхүү эрхэлсэн орлогч дарга С.Я.Усольцева, хууль зүйн албаны дарга Е.Р. Яковенко нар өдөр алгасахгүй Оросын талын хувь эзэмшигч “РЖД” нийгэмлэг рүү хандаж буйг энд мартаж болохгүй.
Нэгдүгээрт, Д.Жигжиднямаагийн өмнө Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “УБТЗ”-ын даргын ажлыг хашиж байсан Л.Пүрэвбаатарыг Зам тээврийн сайд М.Зоригт ажлаас нь чөлөөлөх саналыг удаа дараа гарган их хичээсэн. Шалтгаан нь Л.Пүрэвбаатар М.Зоригт сайдын шахааг хүлээж аваагүйд оршиж байв уу?
Хоёрдугаарт, улс орон даяараа эдийн засгийн хүндрэлд орж, хэмнэлтийн горимд шилжсэн энэ цагт хэрэглэгдэж байсан 2 жип машиныг ийм өндөр үнэтэй авах шаардлага байсан уу?
Гуравдугаарт, тендерийн хууль, шилэн дансны тухай хууль болон өнөөдөр “УБТЗ” ХНН-ийн Ерөнхий хорооны орлогч даргын албан тушаалыг хашиж байгаа “Шилэн” гэж алдаршсан Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл нь мэдсэн үү? аль эсвэл тохиролцов уу?
Дөрөвдүгээрт буюу хамгийн чухал асуудал нь олон жилийн турш “УБТЗ”-ын бүх удирдаж байсан хүмүүс зорчигч тээвэр гэсэн нийгмийн ач холбогдолтой асуудлыг нуруун дээрээ үүрдэг, алдагдалтайгаар дотоодод нүүрс тээвэрлэдэг гэж өөрийн хэрэгцээний дизель түлшний онцгой албан татвараас чөлөөлөгдөх гэж маш их зүтгэсэн. Үүнийг нь ч хууль тогтоох дээд байгууллага УИХ хүндэтгэн үзэж ОХУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд К.И.Азизовын зүтгэл шахалтаар 2017 оноос авахгүй болсон билээ.
Үнэхээр хуучин сайдаасаа хуучин жип өндөр үнээр авах мөнгөтэй юм бол дизель түлшний онцгой татвараас чөлөөлсөн асуудлыг эргэн харах цаг болжээ.
Д.Сонин
Эх сурвалж: www.dailynews.mn


