Дэлхийн гоо бүсгүй шалгаруулах 66 дахь удаагийн тэмцээнд амжилттай оролцож, шилдэг 11 оролцогчийн нэг болсон. А.Баярцэцэг эх орондоо ирээд байгаа билээ. Тэрбээр тэмцээнд оролцсон талаараа "БНСУ-ын миссийг тэдний нэгээр зарлахад сэтгэл нэг л сонин болчихсон. Гэхдээ 11 дэх мисс байгаа шүү дээ гэж бодогдож байсан болохоор тайван байхыг хичээсэн. Монгол гэж дуудахыг сонсоод өөрийн эрхгүй уйлмаар байлаа. Олон мянган хүний дэмжлэгээр тэр амжилтыг үзүүлсэн учраас сэтгэл их хөдөлсөн" гээд хүн ганцаараа амжилтад хүрдэггүйг онцолжээ. Тодруулбал, тэрбээр "Миний энэ амжилт бол миний баг хамт олон. Энэ тэмцээнд оролцсоны дараа би үнэхээр их зүйлийг ойлголоо. Хүн ганцаараа амжилтад хүрч чадахгүй юм байна. Зорилго нэгтэй, хүчтэй баг байсан учраас би амжилттай оролцож чадсан. Анх бидний баг цөөхөн хүнтэй байсан шүү дээ. Гэтэл тэмцээн эхлээд яваад дуусан дуустал цөөн хэдэн сая монголчууд ямар их хүчтэй байгаагаа харуулсан шүү дээ. Тэр мэдрэмж бол гайхалтай. Тиймээс миний амжилтын нууц бол баг хамт олон" хэмээн ярьжээ.