02.14

Б.Болорцэрэн: Дурласан хүүхнүүд


Дурласан хүүхнүүд тэнэг харагдах нь гоё
Дуулиант хайраа үгсэн ярих нь гоё
Гэнэтхэн ганцаар инээд алдсанаа
Гэрэвшиж өөрөөсөө ичин туяарах нь гоё
Үнэндээ хүүхнүүд дурласан байх нь гоё
Үнсүүлсэн уруулаа ширтэн суух нь гоё
Өөр юуг ч анзаарах сөхөөгүй
Өнжин мөрөөдсөөр шөнөжин гэрэлтэх нь гоё 
Дурласан хүүхнүүд олон байх нь гоё
Багадсан даашинзандаа багтсан байх нь гоё
Зориг зүрх орсон дээрээ
Зохисон донжоо олсон байх нь гоё
Угаас хүүхнүүд дурлалд автах нь гоё
Улам залуужин харцанд өртөх нь гоё
Бөөн жаргал өнгө нэмээд л 
Бүр хөөрхөн болчихсон байх нь гоё
Өмнө нь хэзээ ч уйлаагүй юм шиг 
Өндрөөс унаад өвдөөгүй юм шиг 
Өнгөрсөн цаг яг өнөөдрийг хүртэл
Үргэлж сайн хандсан юм шиг 
Дурласан хүүхнүүд гэнэн байх нь гоё
Амьдрал тэднээс л итгэл олдог
Дурласан хүүхнүүд тэнэг харагдах нь гоё
Бурхан тэднээс л уучлал олдог
Дурлал бусдын сайхныг нээдэг
Дурлал бүсгүйн гоёыг мэдрүүлдэг
Дурлал цэцэгнээс ч илүү анхилдаг
Дурлал цээжнээс салахгүй үнэртдэг
ДУРЛАСАН ХҮҮХНҮҮД ТЭНЭГ ХАРАГДАХ НЬ ГОЁ
ДУРЛАЛ ТЭГЭЭД Л БҮТСЭН БАЙХ НЬ ГОЁ
Б.Болорцэрэн