Монгол түмний уламжлалт баяр сар шинийн баяр болоход 10 гаруйхан хоног үлдлээ. Цагаан сар бол монголчуудын уламжлалт баяр ёслолын дээд нь, ах дүү амраг садангууд жилдээ нэг удаа заавал уулзаж мэнд усаа мэдэлцдэг том баяр. Эл баярыг өнгөтэй өөдтэй, элбэг дэлбэг тэмдэглэн өнгөрүүлэх нь тухайн жилдээ хангалуун амьдралыг бэлгэддэг гэдэг. Тэр ч утгаараа орж ирсэн хүн бүрийн алгыг дээш нь харуулж гарыг цайлгах бэлэгний асуудал жилийн жилд яригддаг.
Жилийн жилд Цагаан сарын үеэр урд хөршийн бараа бүтээгдэхүүн эрэлт хэрэгцээ ихтэй болж, монголчуудын мөнгө хэдэн зуун саяараа урагшаа урссаар олон оныг үдэж байна. Хятад барааны чанаргүйг гайхаад байх хэрнээ л түүнийг бэлэг сэлт болгож гар дамжуулсаар л байгаа.
Жил бүрийн “Цагаан сарын баяр”-ыг үндэсний үйлдвэрлэлээ дэмжих жил болгох уриалга гаргаж, ам уралдан ярьж байсан ч төдийлөн биелэлээ олдоггүй. Энэ жил ч гэсэн цагаан сарын баяраар дотоодын үйлдвэр эрхлэгчдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээр хайртай дотнын хүндээ гарын бэлэг барихыг олон хүн сайшааж дэмжихээ илэрхийлж байгаа.
Уг нь санаагаар болдогсон бол, үндэснийхээ үйлдвэрлэлийг дэмжиж эх орондоо үйлдвэрлэсэн хэрэгцээт барааг хайртай дотны хүмүүстэй бэлэглэх хүсэл хүн бүрт байдаг. Гэтэл бэлэг сэлтээ үндэсний үйлдвэрлэгчдээсээ авъя гэж бодохоор урд хөршийн ижил төст бараанаас хамаагүй үнэтэй байдаг нь нууц биш.
Өнөөдөр “Та эх орондоо хайртай бол, үндэсний үйлдвэрлэлийн барааг сонгож хайртай дотны хүндээ бэлэглээрэй” гэсэн рекламнууд сонин, телевиз, гудамжаар дүүрэн.
Гэтэл яг авах гэхээр ядарсан ард иргэд нь авч чадахааргүй тэнгэрт тулсан үнэтэй байдаг. Тодруулбал, хүнд бэлэг болгоод өгчих “Монголд үйлдвэрлэв” гэсэн барааны үнийг судалж үзэхэд, оймс 1800-5000 мянган төгрөг, арьсан түрийвч 15-30 мянган төгрөг, “Кажуг” брендийн цэвэр ширэн дээр үндэсний хээ угалзаар чимэглэсэн тэлээ, түлхүүрийн оосор 3-20 мянган төгрөг, “Үжи Оргил” ХХК-ийн оньсон тоглоомууд 2500-35000 төгрөг, “Хөсөг” брендийн эсгийн урлалууд 8 мянган төгрөгөөс дээш үнэтэй, Магнаг” торгон болон арьсан дээлний бүснүүд 50-75 мянга, цүнхнүүд 72-150 мянган төгрөгийн үнэтэй, үйсэн ултай, эсгий углаашнууд 15-25 мянга, Гоо брендийн "Кү-Кү" савантай бэлгийн багцнууд 10-20 мянган төгрөг, ноолууран цамц 40-150 мянган төгрөг, жаазтай уран зургууд 40-120 мянган төгрөг, зэс болон мөнгөн аяганууд 25-250 мянган төгрөгийн хооронд байна. Нэмж хэлэхэд, дээрх үнэ бараг хамгийн доод үнэ юм.
Эндээс харахад, Монголд үйлдвэрлэсэн бараагаар ах дүү нартаа бэлэг барина гэвэл багагүй мөнгө шаардагдах нь ойлгомжтой байна.
Уг нь манай үйлдвэрлэгчид бараа бүтээгдэхүүнийхээ өөрийн өртөгийг багасгаж, үнэ хямдтай борлуулвал, хэн ч хятад бараа авч хүнд бэлэглэхгүй шүү дээ.
Т.Гэрэл
Эх сурвалж: zaluu.com