Цэцгийн баглаа мэт миний л шүлгээр
Цэцэг шиг насаа дурсаж яваарай
Ядам хуруундаа бэлзэгтэй болоод ч
Ялдам шүлгээр минь гоёж яваарай
Богинохон болов ч бидний л учрал
Болзсон газраа уярам шүү
Тэнэгхэн авч бидний л алхам
Тэрхэн цагтаа дурсамж шүү
Сайхнаас эхлээд садарлах хүртэл
Самуун бодлууд ч бидэнд бий
Сүүдрээс эхлээд гэрэл хүртэлх
Сүү шиг сэтгэл ч бидэнд бий
Сувдан сондор мэт миний л шүлгээр
Сувд шиг насаа дурсаж яваарай
Гэргий гэгдэх чимэгтэй болоод ч
Гэгээн шүлгээр минь гоёж алхаарай
Зуурдхан атал бидний л учрал
Зурсан зургаараа болсон юм шүү
Зугаатай боловч нандин шөнүүд
Зурс хийгээд ухааруулдаг юм шүү
Зөрүүдлэхээс эхлээд зөвшөөрөх хүртэл
Зөндөө дурсамж бидэнд бий
Халуунаас эхлээд хүйтрэх хүртэлх
Хачин бүрхэг өдрүүд ч бий
Уучлалт хүсэхдээ уруул дээр чинь
Шүлгээрээ үнсэе
Унагасан нулимсыг чинь аргадахдаа
Захидлаараа арчия
Баяртай гэх даруухан үг минь
Багтаж ядан цээжиндээ огшино
Баярлуулж чадаагүй хугацааг минь
Бас дахин өршөөхийг гуйя
Хуримын бөгж мэт миний л шүлгээр
Хугасхан чөлөөгөө дурсаж яваарай
Үрээ хөхүүлсэн ижий болоод ч
Өрөвгөрхөн шүлэгчээ санаж яваарай
Б.МӨНХ-ОРГИЛ
2017.02.13-нд