УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар болон УИХ-ын гишүүн асан, Эдийн засгийн хөгжлийн сайд асан "Фортуна" Батбаяр нарыг өчигдөр цагдан хорилоо. Тэднийг Хөгжлийн банк болон бондуудуудын санхүүжилтэд хийж буй шалгалттай холбогдуулан байцаасан юм. Улмаар ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр анги руу ачсан байна.
Тэгвэл АТГ-аас баривчилсан Б.Гарамгайбаатар нь Хөгжлийн банкны хамгийн томоохон зээлдэгчийн нэг бол “Фортуна" Н.Батбаяр нь тухайн үед Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байв. Түүнийг 2016 оны эхэн үеэс л АТГ шалгаж байгаа юм.
Ерөнхий прокурорын тушаалаар байгуулагдсан ЦЕГ, ЭЦГ, АТГ-ын хамтарсан ажлын хэсэг ажлаа эрчимжүүлж, Хөгжлийн банкнаас зээл авсан бүх компаниудыг нэг бүрчлэн шалгаж эхэлсэн байна. АТГ-аас өнгөрсөн онд "Хөгжлийн банк нь Халзан бүргэдэй, Солонготын давааны чиглэлийн замын гүйцэтгэл 38 орчим хувьтай байхад тухайн газарт дахин шинээр зам тавих ойлголтыг Засгийн газарт төрүүлж тогтоол батлуулсан. Ингээд нэмж нийт 43.6 тэрбум төгрөгийг гаргуулж аваад “Монроуд” компанид шууд шилжүүлж өгсөн байгаа юм. Энэ компани нь УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатарын компани. Тиймээс гишүүний татаасаар уг компанид зам барих төсөвт өртгийг нэмж өгсөн байж болзошгүй” хэмээн мэдэгдэж байсан.
Тэгвэл өдгөө энэ хэрэгтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар, түүний хүү "Монроуд" компанийн захирал Г.Тэнгис, тус компанийн нягтлан бодогч Б.Гарамгайбаатарын төрсөн дүү Б.Оюунцэцэг нарыг шалгаж эхэлжээ.
Түүнчлэн Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбатыг АТГ-аас шалгаад багагүй хугацаа өнгөрч байгаа юм. Н.Мөнхбатыг "Самурай”, "Чингис” бондын зарцуулалттай холбоотойгоор шалгаж эхэлсэн байдаг. Гэвч шалгах явцад хувийн чанартай гүйлгээнүүд нь хуулийнхны анхаарлыг татаж эхэлсэн байна. 20 тэрбум төгрөгөөс гадна 5 сая иенийн гүйлгээ ч хуулийнхны анхаарлыг татжээ.
Ийнхүү Н.Мөнхбатыг баривчилсан. Түүний араас Эдийн засгийн хөгжлийн сайд асан "Фортуна” Н.Батбаярыг мөн шалгаж эхлээд байгаа нь энэ. Н.Мөнхбатын тухайд “Фортуна” Н.Батбаярын туслахаар ажиллаж байсан нэгэн. Харин мань хоёр нэг Засгийн газарт нэг Эдийн засгийн хөгжлийн сайд, нөгөөх нь Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, бондын мөнгийг үр ашиггүй зарцуулсан хэргээр ийнхүү хоригдоод байна.
Ямартай ч “бондын хулгайчид” эхнээсээ баривчлагдаж эхэллээ. Гэхдээ энэ хэрэг өмнөх авлигын холбогдолтой дуулиант хэргүүд шиг тэгсхийгээд замхрахгүй гэх баталгаа алга. Дээрх нөхдийн хэрэг хэрхэн шийдэгдэхийг цаг хугацаа харуулах биз ээ.
Г.СУВД