02.22

Ээлжит баривчилгаа Н.Мөнхбат, Б.Шинэбаатар нарыг онилох уу


АТГ сар шинийг угтан хэд хэдэн баривчилгаа хийхээр төлөвлөжээ. Өчигдөр Н.Батбаяр, Б.Гарамгайбаатар нарыг баривчилсан бол Н.Алтанхуягийг үгэнд нь орохгүй байгааг хуулийн байгууллагын эх сурвалж бодлоготойгоор хэлж ярьж буй биз ээ. Тэгвэл Хөгжлийн банктай холбоотой асуудлаар зайлшгүй шалгагдаж, эцэслэгдэх ёстой хүмүүс болох захирал асан  Н.Мөнхбат,  Хөгжлийн банкны ТУЗ-ийн болон ЭЗХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Шинэбаатар нарын нөхдүүд байгаа юм.

Н.Мөнхбатын тухайд өмнө нь баривчлагдаад, 14 хоног суугаад суллагдсан байдаг. Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбатыгаа эрх чөлөөтэй яваа гэдгийг хэвлэлээр дамжуулан хэлсэн билээ.  Тэр хэлэхдээ “Урьдчилсан хорих төвд 14 хоног шалгагдаад гарсан. Шүүхээр түүнийг хорьж шалгах шаардлагагүй гэж үзээд гаргасан байгаа. Монголын шүүх засаглалыг үнэн зөвийг нь олдог байгууллага гэж би итгэдэг. Хүнийг зохиомлоор хэрэгт гүтгэж болохгүй. Манай Мөнхбат бол сайн залуу. Мэдлэг, боловсролтой. Австрид сурч, санхүүгийн боловсрол эзэмшсэн, англи, орос, герман, францаар чөлөөтэй ярьдаг, ажилдаа махруу залуу. Чингис бондыг босгох ажлын албаны дарга нь Н.Мөнхбат байсан. Би бодлогын чанартай ажлыг нь, Мөнхбат техникийн ажлыг нь хийсэн. Мөнгө олж ирсэн гол хүмүүсийн нэг л дээ. Ер нь тэгээд залуучууддаа итгэл хүлээлгэж ажиллуулах хэрэгтэй. Ингээд залуучуудынхаа урмыг хугалаад байвал цаашид яаж Монгол хөгжих юм бэ.”  хэмээн ярьсан байдаг.

Ер нь бол Хөгжлийн банкны хэрэг луйврын чанартай гэдгийг шууд үгүйсгэх боломж байдаггүй. Эдийн засагч Д.Жаргалсайхан гуай Хөгжлийн банкийг улстөрчдийн касс гэж тунчиг зөв нэрлэсэн байсан. Үнэхээр л эрх баригчид тус банкаар зоргоороо наадсан нь баримтуудаар баталгаажсаар байна. Хууль эрхзүйн зөрчлийн хүрээнд 1.3 их наяд төгрөг зарцуулсныг шалгалтаар тогтоосон нь ил болоод байгаа билээ. Тэгэхээр илэрсэн зөрчил бүхэнтэй холбогдох учиртай экс удирдлагуудтай хариуцлага тооцох ёстой юм. Хэрэв тэгэхгүй бол Монгол Улсад хууль шүүхийн байгууллага гэж байхын хэрэг байхгүй юм.

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллах хугацаандаа эрх мэдлээ урвуулан ашиглаж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр шалгагдаж байгаа Н.Мөнхбатыг хуулийн хариуцлага хүлээгээд байх хэрэг үйлдээгүй ухааны юм өмгөөлөгч нь ярьсан байдаг.  Өмгөөлөгч Г.Батбаяр  “Хөгжлийн банк өөрөө төрийн өмчит байгууллага. Тэгсэн хирнээ миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн 265-р зүйл “Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулах” гэснээр давхар зүйлчлэн шалгаж байгаа. Мөнхбат нь Төрийн Албаны Тухай Хуулийн 5.1.4 дэх хэсэгт заагдсан төрийн албан хаагч тул энэ зүйл ангийн субъект биш гэх мэтчилэн олон зүйл дээр хууль зөрчигдсөн байх тул гэм буруугүй болох нь удахгүй тогтоогдож, хэд хоногоос суллагдах байх. Эрүүгийн Хуулийн 3.2 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхийг хориглоно” гэсэн заалтын хүрээнд “..субъект нийлмэл гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй..” гэж үзэн үүсгэсэн хоёр зүйл анги хэрэгсэхгүй болох нь цаг хугацааны л асуудал юм. Тэгээд ч энэхүү шалгаад байгаа зээлийн гэрээний дуусах хугацаа болоогүй, үүргийн гүйцэтгэл хангагдаад  явж байгаа, нэг ч төгрөгний алдагдалгүй, зээлдэгч этгээд хохирогчоор гомдол гаргаагүй байгаа зэрэг нөхцөл тогтоогдож байх тул Хөгжлийн банкийг тойрсон маргаан удахгүй дуусаж, эргэлзээтэй, ойлгомжгүй байдал арилна. Одоогоор энэнээс илүү тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна.” хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа хэлсэн байсан. Н.Мөнхбатын өмгөөлөгчийн яриад байгаагаар бол үйлчлүүлэгч нь огт буруугүй юм байх. Н.Мөнхбатыг Япон улсын хөрөнгийн зах зээлд 30 тэрбум иений “Самурай” бонд гаргахдаа хөрөнгө оруулалт буюу зуучлалын үйл ажиллагааны чиглэлээр Япон улсын “Мизухо”, “Мицүбиши”, “Сумитомо” банкуудтай харилцан ажиллахаар хэлэлцээр хийж байсныг цуцалж, “Дайва Секюритиз”, “Номура Секюритиз” банкуудаар зуучлалын үйл ажиллагаа явуулахаар шийдвэрлэсэн.Японы олон улсын хамтын ажиллагааны банк /ЯОУХАБ/-нд баталгааны шимтгэлд 5.7 тэрбум иен сутгуулан 24.25 тэрбум иенийг 2014 оны нэгдүгээр сарын 6-ны өдөр Хөгжлийн банкны Монгол дахь 3330536 тоот иенийн харилцах дансаар Япон улсын Мизухо банкнаас хүлээн авч, Хөгжлийн банкинд 5.7 тэрбум иений буюу онц их хэмжээний хохирол учруулсан. Худалдаа хөгжлийн банкинд хугацаатай хадгалуулсан Хөгжлийн банкны 20 тэрбум төгрөгийн хадгаламжийн хугацаа 2014 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр дууссан байхад буцаан татаагүй. Мөн өдөр Хаан банканд хугацаатай хадгалуулсан 10.420 тэрбум төгрөгийн хугацаа дуусаагүй байхад буцаан татах зэрэг удаа дараагийн үйлдлээр Хөгжлийн банкны хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд онц их хэмжээний хохирол учруулж, тус банкны хөрөнгийг онц их хэмжээгээр үрэгдүүлсэн гэж буруутгаж байгаа гэх мэдээлэл гарах болсон.

Тэгвэл Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын мэдээллүүд ил болох тусам  Н.Мөнхбатыг гүйцэтгэх удирдлагын хувиар шалгах үндэслэлүүд болохоор олон баримтууд  нэмэгдэх болсон. Тэгэхээр тэдгээр баримтыг хуулийнхан иш үндэс болгох уу гэдэг асуудал энд гарч ирж байна.

Шалгалтаар илэрсэн зөрчлийн тухай мэдээллүүдээс сануулан хүргэхэд:

 Хөрөнгө оруулалтын зардлаа тухайн санхүүжүүлсэн төслийн орлогоос нөхөх байтал Засгийн газрын шийдвэрээр төрийн өмчид уг төслөөр бий болсон дэд бүтцийг худалдан авсан буюу төсөл хэрэгжүүлсэн компанид бий болсон эрсдэлийг төр худалдан авах замаар өөрт шилжүүлэн авсан. Тухайлбал, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд Говийн зам ХХК-ийн барьсан авто замыг Эрдэнэс МГЛ ХХК-ийн мэдэлд шилжүүлэхээр шийдвэрлэсэн. Векселийн хугацаа дуусах үед төлбөрийг хугацаанд нь төлөхгүй байснаас 1.9 тэрбум төгрөгийн алданги хүлээсэн.

Тавантолгойн цахилгаан станц төслийн техникийн зөвлөх үйлчилгээнд 935 мянган.доллар, санхүүгийн зөвлөх үйлчилгээнд 729 мянган ам.доллар, хуулийн зөвлөх үйлчилгээнд 1 сая 414 мянган ам.доллар гэх зэргээр өндөр дүнтэй, 2013-2015 оны үйл ажиллагаанд төлөвлөсөн төсвөөс хэт өндөр зардлууд гаргасан.

Эрдэнэс Тавантолгой ХК-д хуульд заасан шаардлагыг зөрчиж нийт 3 удаа гэрээ байгуулан 250 сая ам.долларын зээл олгосон.

Амгалан дулааны станцын төсөлд Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орох хүртэл хугацаанд 3 удаагийн гэрээгээр 45.54 сая ам.долларын зээлийн санхүүжилт олгосон.

Төсвөөс эргэн төлөгдөх “Эгийн голын усан цахилгаан станц” төслийн үйл ажиллагааны зардлыг хэтрүүлсэн. Зөвхөн цалингийн зардлад 1,484,800 мянган төгрөгийг давхар тооцон санхүүжүүлсэн.

“Шинэ төмөр зам” төслийн ажлын төсөв, гүйцэтгэлийг харахад хуулийн зөвлөх үйлчилгээнд 3.2 сая ам доллар, техникийн зөвлөх үйлчилгээнд 3.0 сая ам доллар, санхүүгийн зөвлөх үйлчилгээнд 1.6 сая ам доллар, ХААН банкны зээл, хүүгийн төлбөрт 6.5 сая ам доллар гаргасан. “Монголын төмөр зам” ТӨХК-ний энэ төслийн нэгжийн санхүүжилт сард дунджаар 120 сая  төгрөг, зээлийн зориулалтад нийцэхгүй гадаад улсад оюутан сургасан гээд 112.6 сая төгрөгийн зардал гаргасан.

Гудамж төслийн хүрээнд зарим ажлууд авто замын барилгын ажлын зураг төсөл хийгдэж дууссаны дараа барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх экспертийн дүгнэлтийг аваагүй буюу төсөвт өртгийг баталгаажуулахгүйгээр гүйцэтгэх ажлыг эхлүүлсэн. Төсөвт өртөг үндэслэлгүйгээр өссөн.

Шинэ Яармаг орон сууцны хорооллын санхүүжилтийг Засгийн газар, Улсын Их Хурлын тогтоолгүй гаргасан.

Хөгжлийн банкны Зээлийн хорооны хурлаар “Монроуд” ХХК-тай “Ажил гүйцэтгэх гэрээ”-г анх 440,0 сая төгрөгөөр байгуулсан боловч гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулан дүнг 1,895,550,885 төгрөг болгон нэмэгдүүлсэн. Гэрээг нэмэгдүүлэх болсон шалтгаан, тооцоолол байхгүй гэхчлэн олон асуудал байгаа юм.

 Эх сурвалж: Шуурхай.мн