04.30

Тавантолгойгоор бантан зуурч эхэллээ

Тавантолгойн драм оргил хэсэг рүүгээ ойртож эхэлж байх шиг байна. Энэ драм нэг л хөнгөн гунигтай эмгэнэлт  жанраар цааш үргэлжилж магадгүй болчихлоо.

Улс төрчид Тавантолгойн асуудлыг хэлэлцэх бус харин энгэр заамандаа хүрч мэдэхээр  болоод байна. АН хүртэл дотооддоо санал зөрөлдөөнтэй бүр 51, 49 гэсэн харьцаагаар хувь эзэмших асуудал ярьж халуурч бүлээрээд эхлэх шиг боллоо.  МАН-ын хувьд түрүүлж дуугарч амаа хөлдөөхгүй гэсэн шиг холхоноос хараад сууж байна.  Тэд гэрээг дэмжихээр санал нэгдсэн гэх боловч  нэг л тодорхойгүй, нам гүм байна.

М.Энхсайхан УИХ дахь “Шударга ёс” бүлгийнхэндээ бүтэн гурван цагийн турш хөрөнгө оруулалтын гэрээгээ тайлбарласан ч  цөөхүүл хэрнээ бас л байр сууриа нэгтгэж чадаагүй байна.  Сурсан юмыг сураар боодоггүй гэгчээр Ж.Батзандан тэргүүтэн бүр жагсаал цуглаандаа тулав.  

Сүр бараагаа үзүүлэх, их мэддэгээ илэрхийлэх гэсэн улс төрчдийн шуурганд  Тавантолгойн хөрөнгө оруулагчдын гэрээ уруудаж эхлэх нь бараг  тодорхой болж байх шиг байна даа.

Хэрэв мега төслийг унагаж, эдийн засгийн тамирыг тасалбал  эргээд ард түмэн хариуцлага нэхэх цаг ирнэ. Тэр үед ард түмний 1072 ширхэг хувьцаагаар лав нүүрээ тахалж чадахгүй байх.

Өчигдөр  Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар “Таван толгойн нүүрсний ордыг хөгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай”  УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх байсан ч З.Энхболдын хүсэлтээр хойшлуулчихлаа.  Учир нь УИХ-ын дарга захирамж гаргаж нэлээн олон хүнтэй ажлын хэсэг байгуулагдаж, гэрээ тогтоолын төслөөр санал, дүгнэлт гаргах юм байна. Үүний дараа Эдийн засгийн Байнгын хороогоор хэлэлцэх эсэхийг нь шийдвэрлэнэ. Тэгэхээр  Тавантолгойн гэрээ хэлэлцэгдэх эсэх нь бас л бүрхэг болж байгаа хэрэг. 

УИХ-ын даргын ахлах зөвлөх А.Гансүх Тавантолгойн гэрээ гэж дөрвөн янзын гэрээ цүнхэлчихсэн энд тэнд үзүүлж, бас л нэг гол дүр бүтээж явна. Энэ зуур удтал чимээгүй байсан Х.Баттулга эхнийхээ үсрэлтийг хийж  “Тавантолгойдоо бид гурав дахь удаагаа хүнд цохилт knockdown авлаа”  гэж данхайсан том нийтлэлээ дэлгэж тавиад байна.  Бүр 2012 онд бичиж байсан гэнэ. Л.Эрдэнэчимэг гишүүн Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээний  Монголын талын үр өгөөжийг  Apple-ийн хазсан алимны хэсэгтэй зүйрлэв.  

Ажлын хэсгийн ахлагч М.Энхсайхан “шаварт унасан шарын эзэн”-ий хувьд нам, намын бүлэг дамжин төслөө тайлбарлаж таниулсаар байгаа ч нэгдмэл ойлголтод хүрэх янз алга, дургүйд хүчгүй гэгч шиг дүр зураг анзаарагдаад байна.  АН-ын бүлгийн хуралдаанд  мэдээлэл хийснийхээ дараа М.Энхсайхан АН-ынхныг улстөржсөн, мэргэжлийн багаас  бараг асуулт  асуугаагүй  гэж  өөрийн твитер хуудаснаа жиргэсэн билээ.

Уурхайн хөрөнгө оруулалтын гэрээний шийдэл энэ хоёр намын 2016 оны сонгуулийн хувь заяанд гавьяа, гай хоёрын аль аль нь болж ирэх нь тодорхой.

Тавантолгойг  Монголын эдийн засгийн нэг зүтгэх хүч гэж хардаг, хүлээдэг. Гэтэл УИХ-ын  босгоор давуулж,  улс төрийн өнгө будгаар шунхадчихаад түүнийгээ тойрон хэрэлдэж хэмлэлдэж  эхэлж байна.  Юун 14 хоногт хэлэлцэх байтугай энэ хаваржин Тавантолгойгоор халуурч мэднэ. Тэгээд шийдсэн юмгүй, хөрөнгө оруулагчдаа  үргээж мэдэх юм байна, энэ янзаараа бол.

АН-ын  гүйцэтгэх зөвлөл Тавантолгойн асуудлыг авч хэлэлцээд нэгэн хачирхалтай байр суурь илэрхийллээ.  Гэрээг өөрчлөх ёстой гэнэ. Ингэхдээ энэ уурхайн 51 хувийг “Эрдэнэс Тавантолгой”-д эзэмшүүлж,  үлдсэн 49 хувийг нь  хөрөнгө оруулагч нарт хувьчлах нь зүйтэй гэж үзжээ. Одоо хийгдсэн гэрээгээр бол Тавантолгой 100 хувь төрийн өмч байхаар туссан байгааг нуухыг нь авах гээд нүдийг нь сохлох санаачилга гаргав.  Хэрэв АН-ын гүйцэтгэх зөвлөлийн санал биеллээ оллоо гэхэд бас л нэг  Оюутолгойн түүх давтагдах магадлалтай гэсэн үг. Монголчуудад нэг дуусдаггүй хэрүүл  нэмэгдэхээс  хэтрэхгүй.   Өрнөл хэсэг нэг иймэрхүү янзаар эхэлж байна.

Та бүхэн анзаарч байгаа бол эх орны нэгдмэл эрх ашгийн төлөө өнөөдрийн энэ улс төрчид лав нэгдэж чадахгүй юм шиг байна. Тавантолгой бол  улс төржих сэдэв огтхон ч биш бөгөөд улс орныхоо эдийн засгийг л урагшлуулах том шийдэл. Зүгээр л дугуй танхимдаа тойрч суугаад санаа оноогоо нэгтгэж,  ингэе тэгье гээд жин тан тохирчих асуудал шүү дээ. Нэг их хүнд сурталдаад хүзүүгээ шилгээгээд суух хэрэггүй л  байхгүй юу.  

Манай хууль тогтоогчид  Тавантолгойг  улс төр, популизм хийх аятайхан  боломж хэмээн  түрүүлж харж байгаа нь үнэхээр эмгэнэлтэй санагдаад байгаа юм. Хэрэв мега төслийг унагаж, эдийн засгийн тамирыг тасалбал  эргээд ард түмэн хариуцлага нэхэх цаг ирнэ. Тэр үед ард түмний 1072 ширхэг хувьцаагаар лав нүүрээ тахалж чадахгүй байх.

Уурхайн хөрөнгө оруулалтын гэрээний шийдэл энэ хоёр намын 2016 оны сонгуулийн хувь заяанд гавьяа, гай хоёрын аль аль нь болж ирэх нь тодорхой.