Нэгдүгээр эгнээнд тавьсан болон зорчих хэсэгт саад учруулан байрлуулсан автомашиныг Нийслэлийн Засаг даргын тамгын газраас журамлан ачдаг болоод багагүй хугацаа өнгөрсөн. Тус журмыг хэрэгжүүлж эхэлснээр эерэг үр дүн нэлээдгүй гарч буй. Гэвч энэ хугацаанд автомашиныг ачиж байгаа байдал нь иргэдийн уур бухимдлыг ихээр төрүүлэх болжээ. Жолооч нар машин ачиж түгжих явдал орлогын төлөө хэт их улайрах үйлдэл болж байгаад ийнхүү бухимдах болжээ. “Машиныг чинь ачлаа гэсэн алгын чинээ цаасыг ойр хавийн хашаа, байшин гээд юунд ч хамаагүй тогтоочихдог. Нөгөөдөх нь салхинд хийсээд алга болчихно. Мөн ачигчид хотын төв болон хүн их төвлөрдөг газруудыг онилж байгаад иргэдийн автомашиныг ачдаг гэхэд хилсдэхгүй. Ингэхдээ эзэнд нь холбогдож мэдэгдэлгүй, хулгайгаар шахуу авч явдгийг цөөнгүй хүн хэлж байсан юм Яг үнэндээ нийслэлд машинаа тавих олигтойхон зогсоол ч байхгүй. Зогсоолтой газрыг нь ойролцоох албан байгууллага нь өмчлөн авч төлбөр нэхдэг. Тиймээс иргэд аль боломжтой газар автомашинаа түр орхих зуурт аччихдаг. Замын хөдөлгөөний дүрэмд байдаг түр зогсолтын таван минут ч үүнд хамаарахгүй байгаа учраас иргэд ШӨХТГ-т олноор гомдол гаргах болсон байна. Энэхүү үйлдэл нь замын хөдөл гөөний ачаалал, нягтралыг бууруулах биш, зөвхөн автомашин ачиж мөнгө олох нэг хэрэгсэл нь болчихоод байгаа юм. Тиймээс ШӨХТГ-аас ажлын хэсэг гарч, тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх болон дугуй түгжих үйлчилгээнд хяналт шалгалтын ажлыг хийж байна. Сүүлийн үед иргэдийг ихээхэн бухимдуулаад байгаа дээрх үйлчилгээний талаар иргэдээс ирсэн гомдол болон үнийн дүнгийн талаар шалгах нь зүйтэй хэмээн үзэж ШӨХТГ-ын дарга Д.Аюурсайхан анхаарлаа хандуулж эхэлсэн байна. Энэ талаар иргэдийн байр суурийг сонслоо.
ИРГЭДЭЭ АЛАГЧИЛЖ ХОЁР МАШИНЫГ МАРК ДУГААРААР НЬ ЯЛГАЖ АЧДАГ
Иргэн Н.Цогтбаяр: -Нийслэлийнхэн ихэнх нь цаг зав багатай. Гэтэл нэг газар тавьж түр ороод гарч ирэх хооронд автомашинаа ачуулна гэдэг цаг хугацаа, уур бухимдлыг төрүүлж байна. Мөн аливаа нэг хууль журам хэн хэндээ тэгш шударга үйлчлэх ёстой. Хэрэв тэгш үйлчлэхгүй бол хэрүүл маргаан, баян хоосны ялгаа гарч ирдэг нь бичигдээгүй хууль. Гэтэл иргэдээ алаг үзэж байгаа юм шиг зэрэгцээд зогссон хоёр автомашиныг марк дугаараар нь ялган ачих. Мөн булан тохойны ард орж нуугдаж байгаад эзнийг нь явангуут автомашиныг нь ачдаг байдал хэрээс хэтэрч байна.
АВТО ЗОГСООЛЫГ ШИЙДЭЭД ӨГВӨЛ ДҮРЭМ ЗӨРЧИХГҮЙ
Иргэн М.Мөнхсүлд: -Ямар ч улс орны нийслэлийн иргэд цаг зав багатай бүгд ажилдаа яарч явдаг. Гэтэл автомашиныг ачиж авч явах нь тухайн хүний цаг хугацааг маш ихээр барж бухимдуулна. Би Тайванд сурч байгаад байгаад ирсэн. Тэнд автомашин ачих, дугуй түгжих үйлчилгээ байдаггүй. Энэ нь иргэд нь хууль дүрмээ дагадгийн тод жишээ болов уу. Харин манай жолооч нар хууль дүрмээ дагадаггүй хэнэггүй байдал харагддаг. Дээр нь автомашины зогсоол элбэг биш байгаа нь дүрэм зөрчихөд нөлөөлдөг бололтой. Миний бодлоор автомашин ачих, дугуй түгжих үйлчилгээнд төсөв мөнгө гаргаж байхаар авто зогсоолыг нь шийдээд өгвөл жолооч нар дүрэм зөрчөөд байх шаардлага гарахгүй болов уу.
АЧИГЧ НАР АЧИХ МАШИН ХАЙГААД ЯВДАГ
Иргэн Ж.Цэвэгмэд: -Автомашиныг ач холбогдолгүй газар түгжих, ачих нь их байна. Тухайлбал, түгжрэлгүй болон бусдадаа саад учруулахгүй газар автомашинаа түр тавих хооронд хэлж мэдэгдэлгүйгээр ачиж явдаг. Үнэхээр нэгдүгээр эгнээнд байрлуулсан, хөдөлгөөнд саад учруулсан бол зөв. Гэхдээ хэтэрхий туйлшраад ачигч нар нь ачих машин хаана байна гэсэн янзтай хайгаад явдаг. Энэ үйлдэл нь хүмүүсийг цаг хугацааг их бардаг. Жишээ нь, би автомашинаа ачуулаад банкинд 70 мянган төгрөг тушааж очиж авсан. Баримтаа нэг хувь үйлдээд цаанаа өгдөг үү, үгүй юү гэдгийг шалгах л хэрэгтэй.
ЭМНЭЛГИЙН ДЭРГЭД БАЙГАА МАШИНЫГ АЧИХ ХЭРЭГГҮЙ
Иргэн Л.Бадам: -Дүрэм зөрчиж байгаа автома- шиныг ачих нь зөв л байх. Гэхдээ эмнэлгийн дэргэд зогсч байгаа машиныг ачих хэрэггүй байх. Тэнд ихэвчлэн яарсан, тэвдсэн хүмүүс байдаг. Гэтэл өвчтэй хүнээ аваад гарч ирж байхад машиныг нь ачаад явсан байна гэдэг хэн ч бодсон хэцүү. Санаатай зам хаагаад зогсч байгаа машиныг ачихгүй ялгавартай хандаж байна. Тухайлбал, 00-той ч юм уу, том том жиб машиныг ачихгүй хэрнээ эгэл борчуудын машиныг түүгээд авч явдаг. Ачиж байгаа бол бүгдийг нь ачихгүй ялгаж байгаа нь иргэдийг их бухимдуулж байна.