02.24

Монголын дөрөв дэх Жульетта Г.Номуун


Улсын Драмын Эрдмийн Театрын уран бүтээлчид ирэх У.Шекспирийн “Ромео Жульетта” сонгодог жүжгийг тоглоно. Харин энэ удаа жүжигчин Г.Номуун  Монголын театрын дөрөв дэх Жульеттагаар сонгогдсон байна. "Тэрбээр “Ромео, Жульетта” тавигдана гэж байхад Жульеттагийн орлон жүжигчнээр шалгарч, О.Дөлгөөнтэй ээлжилж тоглохоор болсон. Эрдэнэт хотод очихдоо Жульеттагийн дүрд тоглосон. Өөрөөр хэлбэл, хоёр дахь удаагаа энэ дүрд тоглох гэж байна. Миний ээж театрын арын албанд ажилладаг тул би багаасаа театртай ойр өссөн. Тэнд тавигдаж байгаа бүх л жүжгийг шимтэн үздэг байлаа. 1996 онд Ч.Найдандорж найруулагчийн найруулсан “Ромео, Жульетта”-г тэргүүн эгнээнд суугаад уйлж үзэж байсан. Тэр үед зургаахан настай хүүхэд юу ойлгосон болоод тэгж их догдолж байсныг гайхдаг. Тухайн үед Жульеттад жүжигчин И.Одончимэг, Г.Урнаа эгч, Ромеод нь О.Гэрэлсүх, Д.Алтанбагана ах ээлжилж тоглож байсан. Дараа нь О.Дөлгөөн Жульеттад тоглосноор би дөрөв дэх Жульетта болж байна. Өмнөх Жульетта нараас юугаараа ялгарахыг үзэгчид л хэлэх байх даа. Гуравдугаар сарыг манай театр сонгодог жүжгийн сар болгон зарласан. Жүжиг маань гуравдугаар сарын 6-8-нд тоглогдох болно" хэмээн ярьжээ.
Дашрамд дурдахад жүжигчин Г.Номуун “Гэгээн Муза” наадмаас нэг хүний жүжгийн төрөлд “Хатагтай Капульетта” жүжгээр  шилдэг эмэгтэй жүжигчин болж байсан юм.