Энэ сард ард иргэдийн дунд хамгийн их бухимдал, шүүмжлэлийг төрүүлсэн асуудлын нэг бол яах аргагүй тэтгэврийн насыг уртасгах талаарх УИХ-ын тогтоолын төсөл байлаа. Уг асуудалд тэтгэврийн насыг эрэгтэйг 2-5, эмэгтэйг 3-5 жилээр сунгах талаар дурдагдсан төдийгүй тэтгэврийн шимтгэлийн хувь хэмжээг 18-19 хувь болгох талаар дурдагдсан юм.
Хэдийгээр Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ энэ нь тэтгэврийн насыг яг нэмнэ гэсэн үг биш, судалж үзнэ гэж хэлсэн ч иргэд үүнийг тууштай эсэргүүцсээр байгаа юм. Харин энэ талаар Монголын үйлдвэрчний эвлэлийн хорооноос тэтгэврийн насыг нэмэгдүүлэхийн эсрэг байр суурьтай байгаагаа өчигдөр мэдээлэл хийхдээ мэдэгджээ. Тус байгууллага тэтгэврийн насыг уртасгах нөхцөл манайд одоогоор бүрдээгүй байгаа гэж үзэж байна.
Түүнчлэн хөдөлмөр эрхлэлтийн төлөв байдал, хүн амын дундаж наслалт, хөдөлмөрийн нөхцлийн судалгааны дүн мэдээ, нийгмийн тогтолцоо төлөвшил гэх мэт харгалзах хүчин зүйлээс шалтгаалан тэтгэврийн насыг уртасгах боломжгүй байтал тэтгэврийн насыг нэмэгдүүлэх нь төрийн тэтгэврийн сан мөнгөгүй болсонтой шууд холбоотойгоор тэтгэвэр авагчдын тоог цөөлөх бодлого гэж үзэж байгаагаа МҮЭХ-ны удирдлагууд мэдэгдсэн юм.