"Оддын бага нас" буландаа энэ удаа жүжигчин Р.Анхнямыг онцолж байна. Ахтайгаа хамт тоглож байгаа энэхүү зургаа тэрбээр "Марзан шовгор байжээ би" гэх тайлбартайгаар өөрийн цахим хуудаснаа нийтэлж байв. Цэрэг малгайтай жаахан охин өдгөө Монголд төдийгүй гадны улсад нэрээ гаргасан жүжигчин болж чадсан юм. Түүний хувьд анх 2001 онд дэлгэцнээ гарсан “Мөрөөдлийн хөлөг онгоц” олон ангит кинонд тоглосон байдаг. Телевизийн олон ангит киноны анхдагч болсон тус бүтээлд тэр эгэл жирийн оюутан охины дүрд тоглон үзэгчдийн танил болж байв. Түүнээс хойш “Хайрын эрэлд” олон ангит кино, “Секс эрх чөлөө”, “Гурван шөнө, хоёр өдөр” уран сайхны киноны гол дүрд тогложээ. Улмаар урд хөршийн киноны зах зээлд хөл тавьж, 2011 онд “Эх газрын кино нэгтгэл”-ээс бүтээсэн “Гаадаа мээрэн” кинонд 1930-аад оны үеийн Хорчин нутгийн үндэсний баатар, газар шорооны төлөөх сүүлчийн тэмцэгч Гаадаа мээрэнгийн эхнэр Муданы (Мандарваа) дүрд тоглосон. Мөн “Чонон сүлд” киноны Галсмаагийн дүрийг чадварлагаар бүтээж, өндөр үнэлгээ авсан юм.