03.14

Вакцинжуулалтын ажил 62.9 хувьтай байна


Малын гоц халдварт өвчинтэй тэмцэх үйл ажиллагааг эрчимжүүлэх, улс орон нутгийн гамшгаас хамгаалах үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, мэргэжлийн удирдлагаар хангах зорилго бүхий ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, онцгой байдлын хурандаа Б.Мандахгэрэлээр ахлуулсан 11 хүний бүрэлдэхүүнтэй “Шуурхай бүлэг” зүүн гурван аймагт ажиллаж байгаа билээ.

Тэгвэл тус “Шуурхай бүлэг” энэ сарын 07-ны өдөр Дорнод аймагт ажиллаж, аймгийн Онцгой комиссыг хуралдуулж тус аймгийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах албадын малын гоц халдварт шүлхий өвчний халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр зохион байгуулж байгаа ажлын талаарх мэдээллийг сонсож үүрэг чиглэл өгсөн байна.

Дорнод аймгийн Матад, Хөлөнбуйр суманд нийт 4 голомтод 52 малчин өрхийн 692 толгой мал өвчилж, 692 толгой малыг зориудаар устгаж, ариутгал халдваргүйтгэл хийжээ.

Аймгийн хэмжээнд гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх, вакцинжуулалтад 14 сумын 997.4 мянган толгой мал хамрагдахаас 627.5 мянган толгой мал хамрагдаж, вакцинжуулалтын ажил 62.9 хувьтай явагдаж байна.

Тухайлбал, өнөөдрийн байдлаар Матад, Хөлөнбуйр, Баянтүмэн, Баян-Уул, Булган, Халхгол, Цагаан-Овоо, Хэрлэн сумын вакцинжуулалт бүрэн дууссан бол Баяндун, Дашбалбар сумын 26.8 мянган толгой үхэр, Чойбалсан, Чулуунхороот, Гурванзагал, Сэргэлэн сумын өвчинд мэдрэмтгий 283.9 мянган толгой малыг вакцинжуулалтад хамруулахаар ажиллаж байгаа юм.