03.15

Зөндөө чиг хүлээлээ, ганцхан чамайгаа би...

Энхрий амраг минь дээ, чамайгаа хайж би яасанчиг удаан бэдрэв дээ...

Эргэж ирэхээсээ өнгөрсөн гэж нэгэнт  эвлэрчихсэн байлаа, ХУВЬ ТАВИЛАН минь
Эгэлхэн төрхөөрөө чи минь зүүд нойронд үзэгдээд байгаагүй ч
Эмтэрсэн намайг бүтэн болгох гэж зорьж ирсэн билээ, АЗ ЖАРГАЛ минь

Бүсгүй биеийг минь илбэх гэж 
Бүдэгхэн гэрлийг нь асаах гэж
Буй бүхнийг минь дүүргэх гэж
Бүлээн нулимсыг минь арчих гэж
Чиглээд наддаа ирэх юм гэж зүүдэлсэнгүй, ГЭРЭЛ ГЭГЭЭ минь
Чамайг минь илгээсэн ТАВИЛАН ЗАЯАдаа сүсэглэн залбирнам...

Хайрт минь дээ, чамайгаа би эрж тэнүүчилсээр хэчнээн ч өвлийг угтаж үдэв дээ...
Хүрээд ирэхгүй гэдэгт бараг итгэчихсэн байлаа, ХУВЬ ЗАЯА минь
Харц булаам гоё сайхнаараа нүд гялбуулаад байгаагүй ч
Хагарч бутарсан сэтгэлийг эвлүүлж зүйсээр дөхөөд ирсэн билээ, УТГА УЧИР минь

Эмнэг биеийг минь эзэгнэх гэж
Эмзэг сэтгэлийг нь энхрийлэх гэж
Энд буй бүхнийг дундруулахгүй гэж
Эсгэж урсан итгэлийг минь эвлүүлэх гэж
Зориод над руу нисчих юм гэж бодсонгүй, ДАЛЬ ЖИГҮҮР минь...
Зориулж надад бэлэглэсэн ТӨӨРӨГ ЗАЯАдаа биширч сөгднөм...

Хонгорхон минь дээ, чамтайгаа л учрах гэж би энэхэн насаа хүлээлтэн дунд өнгөрөөлөө дөө...
Хоног өдрийн уртад итгэл гэдэг нэгэнт алдарчихсан байлаа, ТӨӨРӨГ ЗАЯА минь
Хүн хүнээс сураг ажиг тавьж яваагүй ч гэлээ
Хүлээж цөхрөхдөө өөрөө өөрийгөө мартах дөхсөн байлаа, ИТГЭЛ СЭТГЭЛ минь

Ариун нандин бүхнийг минь дээдлэх гэж
Алдарсан итгэлийг нь олж өгөх гэж
Алдсан амьдралыг минь босголцох гэж
Аньсага нүдийг минь үнсэх гэж
Алгаа дэлгээд угтах юм гэж зүүдэлсэнгүй, ЗҮРХ СЭТГЭЛ минь...
Авралын оч болон зүрхэнд гэрэлтсэн, ХУВЬ ЗАЯАдаа талархаж амьдарнам... 

Чинад холын газраас зүтгэсээр ирсэн үү? ХҮСЭЛ МӨРӨӨДӨЛ минь
Чилийсэн урт цаг хугацаан дунд төөрөх шахсан шүү, ИТГЭЛ НАЙДВАР минь
Чамайгаа би бүх л насаараа хүлээсэн юм шүү, АМЬ АМЬДРАЛ минь
Чандлан хадгалж хатамжилсан үнэнч сэтгэл л надад үлджээ, хонгор хүү минь

Нартад амьдрахын утга учрыг ахин надад сануулаад амжсан
Нулимс хүртэл цагийн аясаар хатдаг гэдгийг ойлгуулж чадсан
Нэг гараа сунгаж өндийх боломжийг надад олгож өгсөн
Намайгаа олоод хүрээд ирсэн чамдаа маш их баярлалаа, АМРАГ ХАЙРТАЙ ХҮҮ МИНЬ ДЭЭ...

М.Эрдэнэчимэг