03.15

Л.Мөнхбаясгалан: Хагас зуун жил, эгэл биш Т.Ариунаа


МУГЖ Т.Ариунаа өнөөдөр 50 нас хүрч байна. Түүний 50 насны төрсөн өдөрт зориулж,  сэтгүүлч Л.Мөнхбаясгалан "ХАГАС ЗУУН ЖИЛ, ЭГЭЛ БИШ Т.АРИУНАА 
-төрсөн өдрийн мэнд хүргэе- 
Өнөөдөр МУГЖ, дуучин Төмөрийн Ариунаагийн төрсөн өдөр. Тэр энэ өдөр 50 нас хүрч байна. Хүн бүхэн л 50 нас хүрдэг. Гэвч жаргал зовлон ээлжилдэг хорвоогийн шаргал өдрүүдэд эгэл биш амьдарна гэдэг тэр бүхэнд заяадагүй тавилан. Т.Ариунаа бол тийм л тавиланг туулж хагас зуунаар, бүр цаашдаа мөнхөд Монголд дуурсагдах эгэл бус Т.Ариунааг бүтээсэн юм. Тэр өөрөө өөрийгөө бүтээжээ. Атаархал, өрсөлдөөн, хов жив, дуу хөгжим, гүтгэлэг доромжлол бүхний дундуур ассан гал шиг дүрэлзэж яваа Ариунаа гэж...яав ч эгэл биш ээ. Түүний дуунууд ялдамхан, янагхан бас золбоолог агаад агуу шинж чанарыг илтгэн ихэмсэгээр оршин байдаг. Т.Ариунаа миний мэдэхийн л 10 гаруй жил тоглолтоо хийсэнгүй. Гэвч түүнийг хэн ч мартсангүй. Дуунууд нь эгшиглэсээр он цагийн саадыг туулан үнэт чанараа агуулсаар, Монголын соёл урлагийн тайзыг эзэгнэсээр л... Т.Ариунаа бол дорно дахинсаг хүн. Эр нөхрөө хайрлан хүндэтгэх, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэхийн монгол ухааныг эзэмшсэн хүн. Мөн эх түүхээ, эх орноо хайрлах эрдэм нэвчээстэй гайхамшигтай бүсгүй. Т.Ариунаа эгч минь, анд найз минь, буяны садан минь, бардам хүйтэн хорвоогийн ад бишийн өрсөлдөөн дунд олж түшсэн тулгуур минь... ТӨРСӨН ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ. Хүндэтгэсэн Л.Мөнхбаясгалан" хэмээн өөрийн цахим хуудастаа бичжээ.