Боксын спортын ОУХМ, "Рио 2016" зуны олимпын наадмын V байрын шагналт Э.Цэндбаатар бусдад зодуулсны улмаас Гэмтэл согог, судлалын үндэсний төвд хүргэгдэн сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж байгаа аж. Хэрэг явдал өнгөрөгч амралтын өдөр буюу Цэргийн баярын шөнө гарчээ. Тодруулбал, боксын Үндэсний шигшээ багийн тамирчид Хандгайтад байрлан, ирэх дөрөвдүгээр сард зохиогдох Тайландын Эзэн хааны цомын тэмцээнд оролцох бэлтгэл сургуулилтаа хангаж байжээ.
Гэвч цэргийн баярын өдөр залуу тамирчид шөнийн 02:00 цагийн орчимд дээрх бэлтгэлийн баазаасаа гарч, хотын төвд ирэн шөнийн цэнгээний газарт баяраа тэмдэглэх үеэрээ ойролцоо нь байсан бүлэг залуустай маргаан өрнүүлж нударга зөрүүлжээ. Улмаар хяналтаа алдсан залуус тамирчдыг машинаараа хөөж, ОУХМ Э.Цэндбаатарыг дайрсан төдийгүй нэмж зодсон гэнэ. Боксчин залуу өдгөө нүүрэндээ 32 оёдол тавиулсан, биеийн байдал тун тааруу, гурсаар хооллож байгаа аж.