Жүжигчин Эмма Стоун энэ жил “La La Land” кинонд бүтээсэн дүрээрээ "Оскар"-ын шагнал хүртсэн билээ. Тэрбээр киноныхоо талаар "Би зохиолыг бүхэлд нь уншиж дуусгаад л энэ үнэхээр гайхалтай түүх болохыг мэдсэн. Чарли Чаплины “City Lights” киноны төгсгөл ч гэсэн “La La Land” шиг намайг гайхшируулж чадсан учраас бүх цаг үеийн турш таалагдсаар ирсэн" гэжээ. Эмма Чарли Чаплинд дуртай тухайгаа мөн ярьсан байна. Тодруулбал, тэрбээр "Чарли Чаплины бүх зүйл нь надад үнэхээр их таалагддаг. Тэрбээр зохиол бичих, кино найруулах, жүжиглэх, дуу бичих гээд л бүх талд төрөлхийн авьяастай нэгэн. Чарли Чаплин бол бүх цаг үеийн шилдгүүдийн нэг яахын аргагүй мөн гэж боддог. Түүний бүтээлүүдийн ачаар надад зорилго бий болсон юм. Би Чарли Чаплины бүтээлийг анх үзээд, “Хөөх, энэ яг миний хийхийг хүсч буй зүйл байна” гэж бодож байлаа. Түүний хэмжээнд хүрч чадахгүй ч уран бүтээлээс нь маш их урам зориг авдаг. Тиймээс би Лос Анжелес руу явж, кино шалгаруулалтад орохыг хүссэн юм. Түүний бүтээлтэй учрахаасаа өмнө мюзикл театр байгуулахыг хүсдэг байлаа" хэмээн ярьжээ.