Дэлхийн яруу найрагчдын өдрийг тохиолдуулан Монголын Гэрэл зурагчдын нэгдсэн холбоо, “Зохист Дорно” хэвлэлийн газраас санаачлан анх удаа гэрэл зурагчид, яруу найрагчдын “Яруу найраг гэрэл зурагт” уран бүтээлийн үзэсгэлэнг өнөөдөр Театрын музейд нээлээ.
Тус үзэсгэлэнд гэрэл зураг, яруу найргийн өгүүлэмжээр дамжуулан Монгол эх орныхоо үзэсгэлэнт байгаль, эх нутгийн гоо сайхныг бүтээлээрээ харуулахыг зорьжээ.
Үзэсгэлэнд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, СГЗ, яруу найрагч Б.Лхагвасүрэн, Ардын уран зохиолч, СГЗ Т.Галсан, яруу найрагч Д.Урианхай нарын Монголын үе үе төлөөлөл 21 найрагчийн эх нутгийн тухай шүлгүүд, СГЗ, гэрэл зурагчин С.Цацралт, Н.Бөхдамбий нарын Монголын Гэрэл зурагчдын нэгдсэн холбооны 21 гэрэл зурагчны хамтарсан уран бүтээлийн болон хөрөг зургийг дэлгэжээ.