03.23

Баянхонгор Говь-Алтай чиглэлийн 260 км автозамыг энэ жилдээ дуусгана


Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын баруун аймгуудад ажиллах албан томилолт өнөөдөр Ховд аймгийн Ховд хотоос эхэллээ. Ерөнхий сайдыг дагалдан яваа хүмүүсийн хамт тус аймагт хүрэлцэн ирэхэд Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондог холбогдох албаны хүмүүсийн хамт угтан авч Ховд хотын төв талбайд цэргийн хүрээний хүндэт харуул угтан авч хүндэтгэл үзүүллээ.
Үүний дараа аймгийн удирдлагууд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат болон дагалдан яваа бусад албаны хүмүүст аймгийнхаа нийгэм эдийн засгийн өнөөгийн байдал болон хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажлуудын талаарх товч мэдээллийг хүргэсэн. Баруун бүсийн тулгуур төв Ховд аймаг 17 сумтай, 83500 хүн амтай. Аймгийн удирдлагууд 2016-2025 он хүртэлх бодлогын баримт бичгийг баталж, бүтээн байгуулалтын ажлынхаа төлөвлөгөөг гаргажээ. Ховд аймгийн нэг онцлог бол ашигт малтмалын нөөцөө харьцангуй бага хөндсөн аймаг. Өнөөдөр Ховд аймгийн Цэцэг сумын Хөшөөтийн нүүрсний уурхай бүрэн хүчин чадлаараа ажиллаж байгаагаас гадна 2-3 жижиг алтны уурхай ажиллаж байгаа. Аймгийн удирдлагуудын зүгээс Засгийн газраас хэрэгжүүлж байгаа Алт-2 хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй байгаагаа энэ үеэр хэллээ.
Ерөнхий сайдын энэ удаагийн албан томилолтын үр дүнд Баянхонгор Говь-Алтай чиглэлийн 260 км автозамыг энэ жилдээ дуусгах шийдвэрийг гаргаснаа аймгийн удирдлагуудад дуулгасан.