Баруун болон төв, говийн аймгуудын нутгаар цас орж, хүчтэй цасан шуурга шуурснаас зам даваа хаагдаж болзошгүй нөхцөл үүссэнээс гадна малдаа явсан олон малчин сураггүй болох. Замд явсан зорчигчид цасанд суусан зэрэг осолдож болзошгүй нөхцөл байдал дундаас онцгойгийнхон цаг алдалгүй ажилласнаар 420 гаруй иргэнийг аварчээ.
Тухайлбал, гуравдугаар сарын 21-24-ний өдрүүдэд 11 аймгийн 40 суманд 54 удаагийн дуудлагаар сураггүй болсон 98 иргэн (үүнээс Завхан аймгийн Баянхайрхан суманд 1, Говь-Алтай аймгийн Шарга суманд 1, нийт 2 иргэн нас барсан)-ээс 91 иргэнийг эсэн мэнд олж, 5 иргэнийг эрэн хайж, цасанд суусан 50 автомашин 332 зорчигчид тусламж үйлчилгээ үзүүлж, нийт 423 иргэний амь нас, эрүүл мэндийг авран хамгаалсан байна.
Эрэн хайх, аврах ажиллагаанд төв, орон нутгийн онцгой байдлын байгууллагын 154 албан хаагч, 31 автомашин, нутгийн захиргааны байгууллагын 375 албан хаагч, иргэн, 72 автомашин, автозам арчлалтын компанийн 96 ажилтан, 36 автомашин, 58 машин механизм, нийт 625 хүн, 197 техник хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэжээ.
Авто тээврийн үндэсний төвөөс хот хоорондын зорчигч тээврийн 300 зорчигчтой 12 автобусыг төв суурин газар хоноглуулж, 7 чиглэлийн 30 тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулалгүй урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллаасан болохыг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.