05.01

Хэнтий аймгийн Тээвэр авто замын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөв

Авлигатай тэмцэх газарт иргэнээс ирүүлсэн “Хэнтий аймгийн Тээвэр авто замын газрын дарга Д нь ашиг сонирхлын зөрчилтэй” гэх гомдол, мэдээллийг хүлээн авч, Авлигын эсрэг хуулийн есдүгээр зүйлийн 9.2, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 28 дугаар зүйлийн 28.1.2 дахь заалтыг үндэслэн шалгалт хийжээ. Шалгалтаар олон нийтийн зүгээс ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал үүссэн байх тул Д-г уг албан тушаалд томилсон захирамжийг хүчингүй болгох арга хэмжээ авч, хууль тогтоомжид заасан шаардлага, шалгуур үзүүлэлтийг хангасан нэр дэвшигчийг нийтийн албанд томилохыг АТГ-аас Хэнтий аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатарт мэдэгджээ. Үүний дагуу тус аймгийн Засаг даргын Тамгын газрын Хуулийн хэлтсийн дарга Ж.Ганбаатар Д-г Тээвэр авто замын газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн талаар хариу ирүүлсэн байна.