05.01

Хотын дарга Н.Батаадаа хариуцлага тооцсонгүй

Эрх мэдэлтэй дарга нарын буруу шийдвэрийн балгаар нийслэлийн Баянгол дүүргийн XIV хорооны 16 дугаар байрны 49 өрхийн 244 оршин суугч өнөөдрийг хүртэл зочид буудалд амьдарч байна. Мөнгөтэй л бол хаана ч хамаагүй хүссэн газартаа барилга барьж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хэрхэн боомилж, олон хүнийг хохироож болдгийн тод жишээг “БИ ЖИ БИ ЖИ” компани харуулсан гэхэд хилсдэхгүй. Олон хүний амьдрал орвонгоороо эргэж, орох оронгүй болох дээрээ тулсан үед нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл гадаадад байсан аж. Түүнийг гадаадад байх хугацаанд зургаан орлогчийнх нь нэг болох Н.Батаа ажлыг нь түр орлон гүйцэтгэж байв.

Тэрбээр Мэргэжлийн хяналтын газраас эцсийн дүгнэлт гараагүй байхад нийслэлийн онцгой комиссыг даргалан хуралдуулж, 16 дугаар байрны оршин суугчдыг хоёрхон цагийн дотор зочид буудалд байрлуулах ажлыг шуурхай зохион байгуулсан. Гэтэл Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас “16 дугаар байр нурахгүй. Нураах ч шаардлагагүй. Барилгын зүүн талд нүх ухсанаас хазайгаагүй” гэх дүгнэлтийг танилцуулсан. Энэ үеэр хотын дарга Мэргэжлийн байгууллагын дүгнэлт эцэслэн гараагүй байхад иргэдийг айдаст автуулж, дур мэдэн нүүлгэн шилжүүллээ. Тиймээс ажлаа өг хурлаас гар” хэмээн орлогч Н.Батаагаа хөөн гаргажээ. Н.Батаа ажлаа хийж байгаа эсэхийг нийслэлийн ЗДТГ- ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс тодуулахад “Дарга нар тэр үедээ муудалцсан. Тэглээ гээд юу гэж хүнийг ажлаас нь халах вэ дээ гэх хариултыг өгсөн юм. Уг нь Э.Бат-Үүл дарга хэдхэн хоногийн өмнө олон хүний нүдэн дээр ажлаас нь халж, хариуцлага тооцно гэж сүржигнэж байсан. Гэтэл түүний үг хоосон сүржигнэл байсан бололтой. хэрэгжсэнгүй.

Ер нь Засгийн газрыг АН толгойлж ажилласнаас хойш буруу жишиг тогтоох болсныг шүүмжлэх хүн олон бий. Тодруулбал, хэн нэгэнд хариуцлага тооцохоор асуудлыг ярьж эхлэхээр өмнө нь тухайн ажлыг хариуцаж байсан хүн рүү бухдаг. Нэг үгээр хэлэхэд өмнөх дарга, Засгийн газрын үед л энэ ажил эхэлсэн гэх үгээр өөрсдийгөө хаацайлаад сууж байх жишээтэй. Уг нь аливаа асуудлыг одоо, ирээдүй цаг дээр ярьж, эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, дур мэдэн шийдвэр гаргасан хүнд нь л хариуцлага тооцох хэрэгтэй баймаарсан. Эцэст нь хэлэхэд, эрхэм дарга нарын буруу шийдвэрээс болж иргэд хохирч болохгүйг энд хатуу анхааруулмаар байна.