05.01

Хүний эрхийн шалгалт хэний эрхийг хөндөв

ХЭҮК-оос УИХ, Хүний эрхийн дэд хорооноос байгуулсан ажлын хэсгийн саналыг үндэслэн цагдан хорих 0461 дүгээр ангид шалгалт хийсэн байна. Энэхүү шалгалтынхаа дүнг ч танилцуулж. Гэтэл тэрхүү шалгалт эхнээсээ адаг хүртэл “худал” байсан хэмээн тус цагдан хорих ангиас нь тайлбар хүргүүлжээ. Хүний эрх нь хуулиар хамгаалагдсан, халдашгүй, дархан байх ёстой. Гэтэл энэ эрхийг хэн зөрчөөд байна вэ. Үүнд хариулт өгсөн цагт л ардчилал жинхэнэ ёсоор бий болно гэж үздэг.
 

Ямар ч өвчинд нэг л төрлийн эмчилгээ хийдэг

Цагдан хорих анги гэхээр л тэнд эрх, эрх чөлөөгөө хасуулсан, нийгмээс тусгаарлагдсан, ямар нэгэн эдлэх эрхгүй хүмүүс байдаг хэмээн ойлгодог. Хэдийгээр тэд нийгмээс тусгаарлагдсан ч, эдлэх эрхээ хуулиар хязгаарлуулсан ч хүн гэдэг бодгаль тул тэд амьд явах эрхтэй. Сэжигтэн болон яллагдагч нар нь эмнэлгийн үйлчилгээ авч чадахгүй байсаар нас барах, хөгжлийн бэрхшээлтэй болох, удаан хугацаагаар эмчлүүлэх шаардлагатай болсон гомдол ихээхэн гардаг. Эрүүл мэндээ сахин хамгаалах, амь явах эрхээ эдэлж чадахгүй байгааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харья цагдан хорих 0461 дүгээр анги хийсэн шалгалт баталсан гэхэд болн Тус ангид саатуулагдсан сэжигтэ яллагдагчийн дунд явуулсан сан асуулгаар эмнэлгийн үйлчилгээ ма муу, муу, хангалтгүй гэсэн үнэлгээг 6 хувь өгсөн байна. Эмнэлгийн үйлчил авч чаддаггүй шалтгаан нь хүнд сур ихтэй, эмнэлгийн ажилтнуудын харилцаа доголдолтой, ямар ч өвчинд нэг л эмчилгээ хийдэг гэх. Уг нь бид Үндсэн хуулиараа “Хүмүүнлэг, энэрэнгүй” нийгэм байгуулахаа зарлан тунхаглаад хорь гаруй жилийг үдэж байгаа юмсан. Цагдан хорих ангийн эмнэлгийн эмч нарын дийлэнх нь ерөнхий мэргэжлээр төгссөн, нарийн мэргэжлийн эмч ажилладагүй аж. Түүнээс гадна тус эмнэлгийн мэс заслийн тасагт тоног төхөөрөмж байхгүй, оношилгооны тоног төхөөрөмж нь хуучирч муудсан байна. Хэдийгээр нийгмээс тусгаарлагдсан ч сэжигтэн болон яллагдагч нарт хүн гэдэг талаас нь анхаарал хандуулах ёстой. Цагдан хоригдогсдын эрхийг хамгаалах талаар төр үүрэг хүлээсэн. Тэдний аюулгүй байдал, амьд явах, эрүүл мэндээ сахин хамгаалах эрхийг хаана ч, хэн ч хөндөх ёсгүй. Харин манай улсын хувьд энэхүү эрх, эрх чөлөөг нь ч хязгаарласаар ирсэн гэдгийг энэхүү шалгалтын дүн харуулав. Санал асуулгад оролцсон 445 хүний 70 хувь нь буюу 311нь төрөлжсөн болон нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх боломж олдоогүй хэмээн хариулсан байх юм. Сэжигтэн яллагдагчийг төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлэгт эмчлүүлсэн тохиолдол 2012 онд 24, 2013 онд 14, 2014 онд 24 хүн төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлэгт шилжиж хэвтсэн, эмчилгээ хийлгэсэн тохиолдол байна.
 

Эрүү шүүлтээс ангид байх эрх

Хэрэг хийсэн л гэж хэрэв мөрдөн байцаагч та үзэж байгаа бол зодож, нүдэж байгаад ч хамаагүй хэргийг нь хүлээлгэ. Энэ бол 1930- аад оны тэртээ хэрэглэж, хэрэгжүүлж байсан арга хэлбэр. Хийгээгүй хэргээ хүчинд автан хилс хүлээж, хэчнээн хүн өөрийн эдлэх эрхээ мэдэхгүй зовж тарчилж байгааг бид мэдэхгүй. ХЭҮК өнгөрсөн онд 710 гомдол хүлээн авснаас 330 буюу нийт гомдлын 46,5 хувь нь ШШГЕГ-ын харьяа хорих хорин анги болон цагдан хорих байранд эрх чөлөөгөө хязгаарлуулсан хүмүүсээс ирүүлсэн гомдол эзэлж байгаа аж. Гомдлын мөрөөр шалгалт хийхэд шүүгчийн хүчин төгөлдөр захирамж, шүүхийн тогтоолгүйгээр сэжигтэн яллагдагчийг цагдан хорьж, тэдний хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчсөн байна. Тус ангийн эрх бүхий албан тушаалтнууд сэжигтэн, яллагдагчаас тайлбар авалгүй, тэмдэглэл хөтлөлгүй, зөрчил гаргасан эсэхийг нотлолгүйгээр сахилгын шийтгэл ногдуулсан тохиолдол 2013 онд дөрөв, 2014 онд 13 удаа гарсан байна. Энэ нь эрүү шүүлтийн хэлбэрийг агуулдаг тул ноцтой зөрчил гээд хэлчихэд ч болно. Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуулийн 39 дүгээр зүйлд хоригдсон этгээд хорих байрны хамгаалалтын болон дэг журам сахиулах үүрэг бүхий ажилтан, бусад хүмүүс рүү хүч хэрэглэн довтолсон, үймээн гаргасан, өөртөө гэмтэл учруулахыг завдсан зэрэг хэд хэдэн тохиолдолд хүч хэрэглэхийг зөвшөөрсөн байдаг. Гэтэл тус цагдан хорих ангийн холбогдох албан хаагчид нь сэжигтэн, яллагдагчийг “хорих өрөөний эд зүйл гэмтээсэн, хоорондоо зодолдсон, албан хаагчийг хэл амаар доромжилсон” гэх хуульд заагаагүй үндэслэлээр өнгөрсөн онд дөрөв, он гарсаар гурван удаа тусгай хэрэгсэл хэрэглэж хүч хэрэглэсэн тохиолдол бүртгэгдсэн байна. Үүнээс нэгийг нь л тусгай хэрэгсэл хэрэглэсэн талаар зөрчлийн тэмдэглэл үйлдсэн нь бүртгэгдсэн байх юм. Цагдан хорих ангийн даргад сэжигтэн, яллагдагчийн өмгөөлөгчдийн зүгээс эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх, эрүүл мэндийн тодорхойлолт авах тухай гомдол, хүсэлтийг 2013 онд 375, өнгөрсөн онд 112, он гарсаар нэгдүгээр сарын 20-ны байдлаар 15 удаа гаргасан байдаг ч хэрхэн шийдвэрлэж байсан өнөө хэр тодорхойгүй байна.


Халдашгүй чөлөөтэй байх эрх

Цагдан хорих 0461 дүгээр ангид 413 сэжигтэн, яллагдагч хоригдож байгаагийн 12 нь хүүхэд, 31 нь эмэгтэй, 370 эрэгтэй хүн байгаа аж. Хувийн хэрэгт хийсэн үзлэгээр нийт 173 сэжигтнийг баривчилсан байх ба үүнээс Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 59 дүгээр зүйлийн 59,1 дэх хэсэгт заасан ердийн журмаар шүүгчийн захирамж гаргуулсан тохиолдол огт байхгүй байна. Өөрөөр хэлбэл, баривчлагдсан бүх сэжигтнийг хойшлуулшгүй гэх үндэслэлээр мөрдөн байцаагчийн тогтоолоор баривчилжээ. Энэ нь мөрдөн байцаагч нар сэжигтнийг удаан хугацаагаар ажлын байрандаа байлгаж, ажлын цаг дуусахыг хүлээж байгаад зориуд оройн цагаар эсхүл баасан гаригийн орой баривчилдаг гэсэн олон нийтийн хардалт үнэн байж болзошгүй гэдгийг харуулсан байна. Шалгалтын үеэр хохирогчийн хувийн хэрэгт хийсэн үзлэгт нийт 29 яллагдагч, шүүгдэгчийг цагдан хорих тухай хууль ёсны хүчин төгөлдөр шийдвэр огт байгаагүй гэх. Зүгээр л хэн нэгний үзэмжээр, хурууны үзүүрээр хорьсон гэсэн үг. Хүний эрх, эрх чөлөө гэгч халдашгүй дархан байх тухай ойлголт хөсөр хаягдсан гэж ойлгоход ч болно. Ардчилсан, хууль ёстой, төртэй улс орны хувьд энэ нь хэлмэгдүүлэлт бий болсон гээд хэлчихэд ч болно. Нийт хоригдож буй 413 сэжигтэн, яллагдагчийн хувийн хэрэгт үзлэг хийхэд цагдан хорих хугацаа сунгасан шийдвэр, хоригдогчийн гомдлын хариуг танилцуулсан талаар бүртгэл, тэмдэглэл огт байхгүй, хувийн хэргийн баяжилтын тухай тэмдэглэл бүр хийдэггүй болох нь тогтоогдсон байна. Хууль бусаар хоригдож буй хоёр сэжигтэн, 29 яллагдагчтай уулзалт хийхэд хорих ангийн албан хаагчид хорьж, мөрдөх хугацаа сунгасан шийдвэрийг танилцуулдаггүй, тэднээс энэ талаар асуухад “Чамайг зүгээр байхад хорио юу, бид чамд хэлэх, үзүүлэх үүрэггүй” хэмээн дарамталдаг байна.
 

0461 дүгээр ангийн тайлбар ба прокурорын танилцуулга

Харин энэ бүхний эсрэг тус хорих ангийн дарга, хурандаа Д.Дамдинсүрэн таван хуудас бүхий тайлбар хүргүүлсэн байдаг. Түүнд дурдсанаар ХЭҮК-ийн зүгээс гаргасан дээрх шалгалтын дүн бүгд худлаа бөгөөд эмнэлэг нь Монголд байхгүй сайн, эмч нар нь бүгд нарийн мэргэжлээр суралцаж байгаа, 14 хоног тутам урьдчилсан сэргийлэх үзлэг хийдэг, өнгөрсөн онд 22,713 удаа хяналтын үзлэг хийсэн гэж мэдэгджээ. Мөн хууль бусаар цагдан хорьсон нэг ч тохиолдол байхгүй, хугацаа хэтрүүлж хорьсон ганц ч сэжигтэн, яллагдагч байхгүй хэмээн тайлбарласан байна. Түүнээс гадна цагдан хорих байранд дуудлагаар нарийн мэргэжлийн эмч ирж 77 хүнд үзлэг хийж, зөвлөгөө өгч, 24 хүн гаднын төрөлжсөн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн гэжээ. Энэхүү нарийн мэргэжлийн эмнэлэг гэдэг нь ямар эмнэлэг болох талаар тус тайлбарт дурдаагүй болохыг анхаарна уу. Түүнээс гадна ХЭҮК-т дүүргийн хоёр дугаар прокурорын газраас тус цагдан хорих анги нь ямар ч зөрчил гаргадаггүй, бүх зүйл нь хууль дүрмийн дагуу явагдаж ирсэн талаар танилцуулга хүргүүлсэн байдаг. Ийнхүү нэг нь зөрчилтэй, нөгөөх нь ямар ч зөрчилгүй гэсэн өөр, өөр шалгалтын дүн, тайлбар, танилцуулга байх. Энэ бүхний цаана ямар ч албан тушаалтан, эрх мэдэлтэн байлаа ч хөсөр хаяж болохгүй ганцхан зүйл бий. Тэр бол хүний эрх, эрх чөлөө. Үүнийг ямар ч албан тушаалтан, эрх дархтан өөрийгөө өмгөөлөх үүднээс, албан тушаалтайгаа үлдэхийн тулд, нэг нь нэгнээ өмгөөлж байгаа нь энэ гээд бусдын эрх, эрх чөлөөгөөр “тоглож” болохгүй.

Д.Лхагва-Очир