Монгол Улсын Их Хурал нийтийн эрх зүйн хүрээнд төрийн үйл хэрэгт зөвлөлдөх арга хэлбэрээр иргэдийн оролцоог хангах зорилготойгоор 2017 оны 2 сарын 9-ны өдөр “Зөвлөлдөх санал асуулгын тухай” хуулийг хэлэлцэж баталсан.
Хуульд тусгаснаар зөвлөлдөх санал асуулга нь:
Нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг иргэдийн туслалцаатай олж илрүүлэх
Тухайн асуудлын эрэмбэ, түүнийг шийдвэрлэх арга зам, гаргах шийдвэрийн талаар иргэдтэй зөвлөлдөх
Иргэд, олон нийтэд тулгамдсан асуудлын талаар мэдлэг, мэдээлэл өгөх
Монгол Улсын Үндсэн хуулийн гуравдугаар зүйлд заасан төрийн үйл хэрэгт оролцох иргэдийн оролцоог хангах онцлог, ач холбогдолтой.
ҮСХ нь зөвлөлдөх санал асуулгын судалгааг анх удаа үндэсний хэмжээнд зохион байгуулж хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.
Уг үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхээр Стэнфордын Их Сургуулийн Зөвлөлдөх Ардчилал төвийн захирал Др. Жэймс Фишкин орлогч захирал Алис Сү нар Улаанбаатар хотод 2017 оны 3 сарын 29-31-ний өдрүүдэд ажиллах бөгөөд өнөөдөр Азийн Сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Мелони Линдберг, Засаглалын хөтөлбөр хариуцсан орлогч менежер Н.Амарзаяа нарын хамтаар ҮСХ-нд зочилж, дарга А.Ариунзаяа болон холбогдох мэргэжилтнүүдтэй уулзалт хийлээ. Уулзалтаар ҮСХ хариуцан хэрэгжүүлж байгаа судалгааны аргачлал, мэдээлэл цуглуулалтын зарчим, хоёр дах шатны хэлэлцүүлэг, санал авах асуудлыг хөндөн ярилцаж, санал солилцлоо.