05.01

МОХ-г татан буулгая

Монголын залуучуудын холбоо /МЗХ/-ны ерөнхийлөгч А.Мөнхбат "Улс төрчдийн хар жагсаалт"-ыг гаргаж, УИХ-д сонгогдох эрхгүй эрхмүүдийг олон нийтэд зарлана хэмээн мэдэгдсэн. Гэтэл Монголын оюутны холбоо /МОХ/-ноос үүний эсрэг мэдэгдэл гаргаж, хэвлэл мэдээлэлд хандсан юм. Тодруулбал, МОХ-ны ерөнхийлөгч Д.Батбаяр "МЗХ дэд ерөнхийлөгчийн албан тушаалдаа томоохон намын төлөөлөл болсон залуусыг сонгосон. Энэ нь тус холбоог  улстөрийн үйл ажиллагаа явуулах эрсдэлтэй гэдгийг харуулж байгаа юм. Мөн "Улс төрчдийн хар жагсаалт" гаргана гэж ярьж, шоудаж байна. Гэтэл хэн нэгнийг гэм буруутай гэж үзэн олон нийтэд зарлан тунхаглаж, сонгох сонгогдох эрхэнд нь халдаж болохгүй. Тиймээс энэхүү хууль бус үйл ажиллагаанд МОХ оролцохгүй гэдгээ албан ёсоор зарлаж байна" гэв.

Түүгээр ч зогсохгүй  “Монголын оюутан, залуучуудын дуу хоолой болж, тэдний эрх ашгийг хамгаалж ажиллах ёстой байгууллага бол Монголын залуучуудын холбоо, Монголын оюутны холбоо юм. Эдгээр байгууллагын аль нь ч ямар нэгэн нам, улс төрийн хүчнээс хараат бусаар үйл ажиллагаагаа явуулах ёстой. МЗХ, МОХ-ны дүрмэнд “аливаа улс төрийн үйл ажиллагаанд оролцохыг хориглосон” талаар цагаан дээр хараар бичсэн тодоос тод заалт бий. Тиймээс дүрмэнд заагдсаны дагуу Монголын оюутны холбоо “МЗХ хэмээх улс төржих том хар бамбайн цаана нуугдаж явах”-аас татгалзаж МЗХ-той хамтран ажиллах боломжгүй гэдгээ илэрхийлж байна” хэмээн сүржин мэдэгдэл гаргав.

Статусаар бол дээрх хоёр холбоо хоёулаа ТББ байгууллага. Нэг нь залуусын төлөө ажиллах бол, нөгөө нь оюутнуудын төлөө ажиллах үндсэн үүрэгтэй гэж болохоор. Үндсэндээ аль нь хар жагсаалт гаргадаг субекът биш. Гэтэл ингэж тус тусдаа улс төржиж нийгмийн анхаарал татах гэж оролдох нь аль ч холбоонд сайн зүйл биш байлтай. Түүгээр ч зогсохгүй МОХ хүртэл үндсэн үүргээ умартаж, улс төржиж суух нь хэр зохистой вэ гэсэн асуулт гарна. Үндсэндээ энэ талаар цахим ертөнцөд маргаан гарч байгаа бөгөөд А.Отгонбаатар гэх залуу “Твиттер”-т “МЗХ-ны тэргүүн А.Мөнхбат шагнал зарж хэдэн төгрөг олсон бол. Яг ах нар нь төрийн шагнал зардаг шиг. Долоогч долоогч нартаа л дуртай. Тийм ээ МЗХ тэргүүн А.Мөнхбатын дарга долоосон зам өөрийгөө бас долоолгох хүсэл хоёр нь ижил. МЗХ тэргүүн А.Мөнхбатаас яаж дарга нарыг үр дүнтэй долоох вэ? гэсэн сургалт авах уу. Тэгвэл 40 гараад тэргүүн болно. Залуудаа дарга долоох юм бол А.Мөнхбат шиг 38 хүрээд МЗХ тэргүүн болдог гэнэ шүү. Би ч тэнэг нөхөр юм аа. Дарга долоодоггүй” гэх зэргээр жиргэж, хоёр холбооны төлүүллүүд хоорондоо хэрүүлийн алим шидэлцэв.

Үнэн хэрэгтээ А.Отгонбаатар гэгч нь жил гаруйн өмнө экс Ерөнхий сайд Н.Алтанхуягт “Шантрашгүй монгол хүн” гэх шагнал “гардуулж”, тухайн үедээ л “даргад доль зохисон” гэгдэж явсан нэгэн. Үндсэндээ хэрээ хэрээнийхээ харыг гайхав гэгч болж байгаа гэсэн үг. Гэтэл өнөөдөр ингэж хоёр байгууллагын дунд яс хаяж, залуусыг буруу зүйлд турхирч байгаа нь зохимжтой үйлдэл биш. Хачир дээрээ МОХ оюутнуудын автобусны хөнгөлөлтийн карт, тэдний нийгмийн асуудалд анхаарч чадахгүй байж, энэ мэт сүржин мэдэгдэл хийж, улс төржиж явах нь ч огт зохимжгүй. Ёстой нөгөө саваагүй нохой саранд хуцахын үлгэр мэт. Тэгэхээр оюутнууд нийлж, ярилцаад өөрсдийнх нь нэрээр улс төр хийж яваа нөхдөд хариуцлага тооцож, цаашлаад МОХ-гоо татан буулгачихвал ямар вэ. Ер нь оюутнуудад өөрсдийнх нь төлөө ажиллах байгууллага хэрэгтэй болохоос тэдний нэр барьж улс төржиж шоу хийдэг нөхөд хэрэггүй л баймаар.

С.ЗАЯА