04.05

Ч.Цэлмүүн: Тав тухаасаа татгалзсан цагт бид жинхэнэ дайсан болох өөртэйгөө тэмцэж эхэлдэг


Дуучин Ч.Цэлмүүн боловсролоо дээшлүүлэхээр харь орныг зориод багагүй хугацаа өнгөрүүлж байна. Тэгвэл дуучин бүсгүй энэ үед өөрийгөө олж, ихийг эргэцүүлж байгаа бололтой. Учир нь тэрбээр өөрийн цахим хуудаснаа “Зүгээр л бодож сууна. Амьдралаас би юу хүсээд, амьдрал надаас юу хүсээд байгааг ойлгож ядах өдрүүд үргэлжилсээр. Хаа нэгтээ сэтгэл зүрхээ гээсэн юм болов уу гэлтээ баргийн зүйлд сэтгэл хөдлөл үгүй болж.Тайз, олны нүд, чих, шар мэдээ ... энэ бүгдээс ядарсан байж уу гэмээр энгийн бүхэнд татагдаад байх юм. Сонин сэтгүүл, медиа дээр гарах хүмүүc биш хажуугийн ширээнд судалгаагаа шимтэн хийх доктор маань, дугуйгаар ажилдаа ирэх дарга маань илүү сонирхолтой байх шиг. 
Сүүлийн найман жилийн турш уулзах хүн бүр аль хэдийнэ таньдаг мэт аашлах нь "Намайг Цэлмүүн гэдэг" гэж хэлэх боломж өгөхгүйгээр өнгөрчээ. Энд ирээд л мэдэрлээ. Үл таних газар таарсан хүн бүртэй танилцах нь хатсан газарт ус тусах шиг. Энэ нь бусдад байдаг л зүйл бол надад тийм биш байлаа. Өмнө нь тухтай сууж хоол идэх ч завгүй амжуулж явсан надад энд ирээд яарах зүйлгүй атал дэмий үе үе цагаа шалгадаг хэвшил маань л үлдэж.Хэрэгтэй хэрэггүй анхаарал дунд хангалттай байсан болоод ч тэр үү өөрийн талаар яриач гэх бүрт ам нээмээргүй байдаг болж. Шүүмж, доромжлол, худал үнэн дунд хүн хатууждаг ч бие сэтгэл минь ядарсан уу гэлтээ хэнд ч харагдмааргүй, ам ч нээмээргүй санагддаг болж. Энэ нь илүү амар мэт. 
Өмнө нь хичээл зүтгэлийг минь үнэлэхээс илүү үгүйсгэдэг хамт олны дунд байдаг байсан нь энд ирээд л ойлгогдох шиг. Хийснийг үнэлж чаддаг баг хамт олонтой байх их сайхан юм. Бид заримдаа өөртөө хэтэрхий хатуу байдаг бололтой. Эргэн тойронд хэлбэрдсэн, алдар нэр хүсэмжилсэн, эрх мэдэл эрсэн гол нь өөрийгөө ч олоогүй хэрнээ бусдыг төөрөгдүүлсэн хүмүүc байсан бол мэддэг чаддаг хэрнээ даруухнаар амьдрах хүмүүс сэтгэлийн минь цангааг тайлах шиг. 
Ямартай ч бие минь хуучирахаас өмнө туулах замаа уртасгаж, хараагүйгээ харах гэж, сонсоогүй, мэдээгүй бас мэдрээгүй бүхний эрэлд би гарсан. Шинэ газарт, шинэ хүмүүстэй уулзах бүрт "Би хэн юм бэ? Би юу хийх ёстой вэ?" "Би яавал одоо байгаагаасаа сайжрах уу?" гэх бодол намайг манаастай... Comfort zone буюу тав тухаасаа татгалзсан цагт бид жинхэнэ дайсан болох өөртэйгөө тэмцэж эхэлдэг. Тийм ээ, бид энэ үгийг мэднэ, гэхдээ бидний хэд нь үйл хэрэг болгож байна вэ? Хичээгээрэй... би бас хичээж явна” хэмээн бичжээ.