Монголчууд “Амьд явбал алтан аяганаас ус ууна” гэцгээдэг дээ. Энэ үг орчин үед “Амьд явбал “Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-д багтчих юмсан” гэх шунал дагуулсан үгээр солигдов бололтой. Учир нь “Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийн гишүүдийн цалинд сард нийтдээ 20 мянган доллар зарцуулах санал оруулсан байгаа юм.
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор хэвлэлийн бага хурал хийж, “Бид доромжлууллаа, сэтгүүлчид ташаа мэдээлж байна” гээд ТУЗ-ийн гишүүдийн цалинг эцэслэн шийдээгүй хэмээн мэдэгдсэн. Гэтэл анх санал оруулахдаа ТУЗ-ийн дарга У.Бямбасүрэнд сард 3200 доллар, нэр бүхий зургаан гишүүнд тус бүр 2450 доллар, нарийн бичгийн хоёр даргад 1050 долларын цалин өгөхөөр төлөвлөжээ.
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас мэдээлснээр “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал, ТУЗ-ийн даргын цалинг тус үйлдвэрийн дарга санал болгосноор Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас Засгийн газарт өргөн мэдүүлдэг юм байна. Үүний дагуу Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас 2017 оны нэгдүгээр сарын 14-нд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ерөнхий захиралтай гэрээ байгуулдаг бөгөөд энэ гэрээнд ерөнхий захирлын цалинг Монголбанкнаас зарласан албан ёсны ам.долларын ханшаар тооцож, сар бүр 10 мянган ам.доллар буюу 24,5 сая төгрөгөөр тогтоох санал гаргажээ.
Тодруулбал, тус компанийн захирал Х.Бадамсүрэнд сар бүр 24,5 сая буюу 10 мянган ам.долларын цалин олгохоор болжээ. Гэхдээ үүнд урамшуулал, нэмэлт цалин ороогүй. Мөн компанийн зардлаар автомашин унах, ажиллах хугацаандаа амьдрах, амрах, ажиллах нөхцөл боломжийг хангасан орон сууцаар хангаж болно, гэхдээ өмчлүүлэхгүй гэсэн саналуудыг Засгийн газарт хүргүүлсэн байна. Тиймээс эдгээр асуудлыг хувь нийлүүлэгчдийн хурлаар эцэслэн шийдвэрлэх юм байна.
Хэдийгээр Ц.Ням-Осор дарга Эрдэнэтийн ТУЗ-ийн гишүүдийн цалинг 250 мянгаас хэтрүүлэхгүй тогтооно гэж хэлж байсан ч шинэ ТУЗ-ийн гишүүдийн сарын цалинг 4000 ам.доллараар тогтоод байна. Өөрөөр хэлбэл, Ц.Ням-Осор даргын сэтгүүлчдийн өмнө хэлсэн тоо төрийн хөшигний цаана ийнхүү 40 дахин нэмэгдсэн гэсэн үг.
Түүнчлэн “Эрдэнэт” үйлдвэрийн гүйцэтгэх захирлыг таван хүн орлохоор болсон байна. Одоогийн байдлаар гурван дэд захирал ажилладаг бөгөөд Х.Бадамсүрэн захиралд долоон зөвлөх томилсон байгаа юм. Мэдээж энэ долоон нөхөр мөн л ам.доллараар цалинжих биз. Ингээд бодохоор Монголын саалийн үнээ гэгддэг “Эрдэнэт” үйлдвэр төрд ирснээр удирдлагын бүтэц нь данхайж, олсон мөнгөө татварт биш цалинд өгөөд дуусах бололтойдог шүү.
Г.НАРАН