УИХ-ын хаврын чуулганаар 2017 оны төсвийн тодотголыг хэлэлцэж баталлаа. Ийнхүү эрх баригчид ОУВС-гийн хөтөлбөрөөр халхавч хийж, долоохон хоногийн дотор төсвийн тодотголыг хийж, гишүүд ярайтал гар өргөн дэмжив. Ингэснээр ирэх тавдугаар сарын 1-нээс гурван төрлийн татвар нэмэгдэхээр болж байгаа юм. Тодруулбал,
Нэгдүгээрт, Суудлын автомашины хөдөлгүүрийн цилиндрийн багтаамж, насжилтаас хамааруулж, 40-250 хувиар онцгой албан татварын хэмжээг нэмнэ. Зохицуулалтыг хийснээр суудлын автомашины онцгой албан татварын орлого 33.8 тэрбум төгрөгөөр өсч, 57.3 тэрбум төгрөгт хүрнэ гэж төсөөлөөд байгаа аж.
Хоёрдугаарт, Хадгаламжийн хүүгийн орлогод их, бага хэмжээгээр ялгалгүй 10 хувийн татвар ногдуулна. Хадгаламжийн хүүгийн орлогоос татвар авснаар төсвийн орлого 2017 онд 43 тэрбум төгрөг, 2018 онд 67 тэрбум төгрөг, 2019 онд 70 тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ гэж тооцоолжээ.
Гуравдугаарт, Импортын тамхины татварыг дэлхийн худалдааны байгууллагатай тохирсон дээд хэмжээнд тултал нэмэгдүүлнэ. Тодруулбал, импортын тамхины 5 хувийн гаалийн албан татвар ирэх сараас 30 хувь болон өсөхөөр хуульчлагдлаа. Ингэснээр төсвийн орлого 2017 онд 20 орчим, 2018 онд 26 орчим, 2019 онд 27 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэх юм.
Цаашлаад ирэх жилүүдэд Нийгмийн даатгалын шимтгэл, архи тамхинд ногдох албан татвар нэмэгдэнэ. Эрх баригдчын цалин, тэтгэвэр үе шаттай нэмэгдүүлэх амлалт сонгуулийн сурталчилгааны өдрүүдтэй хамт салхинд хийсэн замхарлаа. Ирэх жилүүдэд “Чингис” бондын өрийг төлөхтэй зэрэгцэн ОУВС-гаас хэрэгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд 5.5 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл орж ирнэ. Энэ зээл иргэдэд өгөөжөө өгөх үү, өр болон үлдэх үү гэдгийг цаг хугацаа харуулах юм.
Энэ удаагийн төсвийг ийнхүү батлаж байгаагийн цаад шалтгаан нь улс орны эдийн засаг хүнд, ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэсэндээ хэмээн тайлбарлаж байгаа ч МАН-ынхан Ерөнхийлөгчийн сонгуульд зориулж энэ удаагийн төсвийн тодотголыг оруулж ирж, баталлаа гэх нэгэн ч байна. Ямартай ч МАН-ынхан хүслээ биелүүлж, оруулж ирсэн төвсөө баталж дөнгөлөө.
Төсвийн тодотголоор хүүхдийн мөнгө хасагдаж, сайд нарын төсөв зузаарсан, иргэдийн халаас руу гар дүрсэн буюу татвар хураамж нэмэгдсэн төсөв орж ирсэн нь иргэдийн нуруу дээр шууд ачаа болно гэдгийг сөрөг хүчин болоод татвар төлөгч, жирийн иргэд хүртэл эсэргүүцэж байр сууриа илэрхийлж байсныг дурдах юун. Ямартай ч эрх баригчид ОУВС-гийн нэрээр иргэдийнхээ халаас руу гар дүрж, сонгуулийн амлалтаасаа ухраад байна.
Г.НАРАН