Нүүрсний салбарт сайн мэдээ олон байгаа. Тэр бүхэн монголчуудад шинэ боломжийн тухай сануулга болон ирдэг. Яагаад гэвэл нүүрс Монголын эдийн засгийн тулах цэгийн нэг болсоор удаж буй. Байгаа юмаа зөв хөдөлгөж, үнэ хүргэж чадах эсэх нь бидний асуудал. Харин гадаад талдаа нар байнга ивээж, намираа хур шаагьж байдаггүй. Үнийн савалгаа, зах зээлийн эрэлт, өрсөлдөөн гээд олон хүчин зүйлийн саад тээг бий. Дэлхий улам бүр глобалчлагдаж улс орнуудын эдийн засгийн харилцан хамаарал бүр ихээр ажиглагдаж байна. Нэг үхрийн эвэр доргиход мянган үхрийн эвэр доргино гэдэг шиг. Яг ийм жишгээр Евро комиссын энэ сарын эхээр гаргасан нэгэн шийдвэр хаа байгаа талын монголчуудын нүүр тахалдаг нүүрсний үнэд нөлөөлж мэдэхээр нөхцөл байдал үүсгэлээ. Энэ талаар өгүүлсү.
Дөрөвдүгээр сарын эхээр Европын холбоо Хятадын гангийн импортод 18.1-35.9 хувийн татвар оногдуулахаар шийдвэрлэлээ. Энэ шийдвэр таван жилийн турш хэрэгжинэ. Еврокомисс энэ шийдвэрээ “Демпингийн эсрэг арга хэмжээ” гэж тодотгож байгаа бөгөөд Хятадаас импортолдог цувимал болон хавтгай ган бүтээгдэхүүнд өндөр татвар ногдуулах болсноо мэдэгдсэн юм. Демпинг гэдэг нь товчхондоо бол бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг өөрийн өртгөөс нь хямд худалдан борлуулахыг нэрлэдэг. Манай улс өмнөх Засгийн газрын үед Аж үйлдвэрийн яамнаас санаачлан Демпингийн эсрэг хуулийн төсөл өргөн барьж байсан санагдана.
Энэ шийдвэр Европын холбооны 28 оронд хэрэгжинэ гэсэн үг. Ингэж тооцохоор үүнийг дагасан эрсдэл БНХАУ-ын үйлдвэрлэгчдийг төдийгүй тус улсын гангийн үйлдвэрт коксжих нүүрс нийлүүлдэг Монголыг бас дайрна гэсэн үг.
Евро комиссын татвар нэмэх энэ шийдвэрт Хятадын ган үйлдвэрлэгчид тэр дундаа “Bengang steel plates", "Handan iron&steel" зэрэг томоохон компаниуд өртжээ. Хэрэв энэ шийдвэрээс шалтгаалан Европын холбооны улс орнуудад гангийн хомсдол үүсвэл Бразил, ОХУ, Иран, Украин зэрэг орноос импортлох боломжтой гэж тооцож байгаа аж.
Европын холбооны энэ шийдвэр гарсаны дараа Хятадын Худалдааны сайд энэ явдалд маш их санаа зовниж байгаагаа илэрхийлэхийн хамт “Европын холбоо энэ алдаагаа засах байх гэдэгт найдаж байна” гэжээ. Мөн тэрбээр үндэсний компаниудаа хамгаалах шаардлагатай арга хэмжээ авахаа мэдэгдэв.