Монгол Улсад цагдаа цагдаагаа шалгадаг болоод жил гаруй хугацааг үдлээ. Энэ хугацаанд цагдаа нартай холбоотой гэмт хэрэг багагүй бүртгэгдэж, зарим нэгийг нь бүр хэрэгсэхгүй болгосон байх юм. Гэвч дийлэнх хэргийг хэрхэн эцэслэн шийдсэн нь тодорхойгүй үлджээ. Хамгийн ойрын жишээ л гэхэд, өнгөрсөн оны дөрөвдүгээр сард цагдаагийн хошууч А.Отгонбаяр эхнэрийнхээ аминд хүрсэн хэрэг гарсан. Харамсалтай нь, эл хэрэг хэрхэн шийдэгдэж, гэмт этгээдэд шүүхээс хэдэн жилийн ял оноосон нь өнөө хэр нь тодорхойгүй байна.
Түүнчлэн нийгэмд багагүй шуугиан тарьсан экс хурандаа нарт холбогдох хэрэг олон жил шүүхээр явсны эцэст, цагдаа цагдаагаа шалгадаг болсны буянаар сая нэг хэрэгсэхгүй болов. Энэ мэтчилэн эх орныхоо төлөө өргөсөн тангарагтаа үнэнч байгаагүй, гэмт хэрэгт холбогдсон цагдаа нарын талаар дурдаад байвал дуусахгүй. Үнэндээ Улсын прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах алба цагдаа нартай холбоотой эрүүгийн 40 гаруй гэмт хэргийг шалгасан байдаг. Өөрөөр хэлбэл, цагдаа нарын холбогдсон хэргийг прокурор, харин эсрэгээрээ прокурор нартай холбоотой гэмт хэргийг цагдаа шалгадаг байв.
Гэтэл энэхүү албыг татан буулгаснаас хойш цагдаа цагдаагаа шалгадаг болж, тэдэнтэй холбоотой гэмт хэргүүд тэгсхийгээд намждаг, эсвэл хав дардаг жишиг нэгэнт тогтжээ. Шалтгаан нь, маш энгийн. Тодруулбал, Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албыг өнгөрсөн оны нэгдүгээр сард татан буулгасантай холбоотой. УИХ-аас баталсан Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар тус албаны харьяаллын гэмт хэргүүд АТГ-т, ахуйн чанартай хэрэг нь цагдаагийн байгууллагад шилжсэн явдал юм. Улмаар Прокурорын байгууллагын тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай хуулиар УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах алба албан ёсоор татан буугдсан байдаг. Хэрэв уншигчид санаж байгаа бол тухайн үед хууль зүйн салбарын шинэчлэлийн хуудууг УИХ-ын зарим гишүүнээс авахуулаад олон хүн эсэргүүцэж байв. Тэр ч бүү хэл, дээрх албыг татан буулгах асуудал анх хөндөгдөхөд “Эрх зүйн шинэчлэл гэхээсээ илүүтэй эрх мэдэл булаацалдсан сөргөлдөөн” гэж харах хүн ч байсан. Үүний нэг нь одоогийн Хууль зүйн сайд Х.Дорлигжав юм. Тэрбээр “Эргээд 13, 14 жилийн өмнөх рүүгээ буцчихлаа. Өөрөөр хэлбэл, цагдаа цагдаагаа шалгадаг болж байна. Энэ шинэчлэл үү. Лав л эрүүл, саруул ухаанаар харахад олигтой юм биш байна. Олон жилийн өмнө “Болохгүй” гэж байсан зүйл дээр буцаад буучихлаа” хэмээн байр сууриа хатуухан илэрхийлж байв. Ингээд УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албыг татан буулгахад тухайн үед хэн юу хэлж, одоо ямар байр суурьтай байгааг түүвэрлэн хүргэе.
Хуул зүйн сайд Х.Дорлигжав: ЦАГДАА ЦАГДААГИЙНХАА ХЭРГИЙГ ШИЙДЭЖ БАЙНА ГЭХ ГОМДОЛ ИХ ГАРДАГ БАЙСАН
-Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах алба эрүүгийн40 гаруй төрлийн хэргийг шалгадаг байсан. Гэвч хуульд өөрчлөлт оруулах замаар УЕП-ын дэргэдээс салгалаа. Үндсэндээ дөрвөн төрлийн гэмт хэргийг шалгах нь АТГ-т очлоо. Бусад төрлийн гэмт хэргийг шалгах эрх цагдаагийн байгууллагад шилжлээ. Энд нэг түүх ярих гэсэн юм. 2002 онд Мөрдөн байцаах алба цагдаагийн байгууллагын мэдэлд байсан. Тэр үед маш их гомдол гардаг байв. Цагдаа цагдаагаа шалгадаг нь нэр төдий хуурамч болж байна. Нэг өрөөнд сууж байгаа хоёр нөхөр нөгөөгийнхөө хэргийг шийдэж, цохолт хийгээд сууж байна гэх гомдол гардаг байв. Тиймээс Олон улсын хүний эрхийн комиссоос зөвлөмж ирж, Мөрдөн байцаах албыг бие даасан, тусгай байгууллага болгон прокурорын дэргэд авч ирсэн байдаг. Үүнээс хойш үнэхээр бие даасан ажиллагаа явуулсан. Сангийн яамнаас төсвөө авна. Ажилчдаа өөрсдөө дотооддоо томилох эрх мэдэлтэй байлаа. Гагцхүү даргыг нь прокурор томилдог. Гэтэл үүнийг өнөөдөр өөрчиллөө.
Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж: МӨРДӨН БАЙЦААХ АЛБЫГ ТАТАН БУУЛГАЧИХААД ЯАЖ ХҮНИЙ ЭРХИЙГ ХАМГААЛАХ ГЭСЭН ЮМ
-Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албыг татан буулгаснаас хойш эрүү шүүлтэд өртөгсдийн тоо цадигаа алдсан. Манайд иргэдээс гомдол ирэхээр энэ байгууллагад шилжүүлэхэд эрхийг нь зөрчсөн эсэхийг шалгаж тогтоогоод буруутай хүнд нь хариуцлага тооцуулдаг байсан. Одоо иргэдийн өргөдлийг хэндээ өгөхөө мэдэхгүй байна. Яах вэ, Ерөнхий прокурорт өгч байна. Гэвч шалгаж тогтоогоод эрүүдэн шүүлт үзүүлэгчид нь хариуцлага тооцож байгаа нь харагдахгүй юм. Ийм хариуцлагатай байгууллагыг УИХ-аас яагаад татан буулгасныг үнэхээр ойлгохгүй байна. Мөрдөн байцаах албыг татан буулгачихаад яаж хүний эрхийг хамгаалах гэсэн юм бэ. Эргүүлэн сэргээх талаасаа гишүүд минь санал бодлоо нэгтгээч дээ” гэв. Ийнхүү хуралдаан багагүй хугацаанд үргэлжилсний эцэст төслийг соёрхон батлах ёстой гэж гишүүд дэмжсэн юм. Төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар оруулж соёрхон батлах л үлдэж байна. УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албаны дарга асан
Б.Галдаа: МӨРДӨН БАЙЦААХ АЛБА ЭРҮҮГИЙН 300-400 ХЭРЭГ ШАЛГАДАГ БАЙСАН
-Татан буугдах тэр үед би тэтгэвэртээ гарчихсан байсан. Сонсоод балмагдсан. Анх байгуулсан газраа татан буугдаж байгааг сонсох ч тийм таатай байдаггүй юм билээ. Адилхан мэргэжлийн субьектүүдээ, нэг зорилгын төлөө хамт явж байгаа хүмүүсээ шалгана гэдэг бол сэтгэл зүйн хувьд ч, үйл ажиллагааны хувьд ч бэрх. Гэхдээ бидэнд хуулиар хүлээсэн үүрэг байна. Тэр үүргээ биелүүлэхийн тулд хуулиа чанд сахиж, шударга ёсыг эрхэмлэж, юмны үнэ цэнэ, хар цагааныг олж харж байж эцсийн шийдвэрээ гаргах ёстой гэсэн хатуу горимоор ажилласан. Сүүлдээ манай алба гурав, дөрвөн зуун эрүүгийн хэрэг шалгадаг болсон. Үүнээс гуч, дөчийг нь шүүхээр шийднэ, түүнээс гадна өршөөлийн зарлигд хамаарагдсан, гэм буруутай нь тогтоогтоод шийдэгдсэн хэргүүд ч олон. Ингээд бодохоор бүтцийн хувьд их зөв байсан байна гэж бодогддог юм. Одоо яах вэ татан буусан юм чинь манай хуулийн байгууллага“хиргүй” болчихсон юм байна гэж л битүүхэндээ бодож байна. Тийм л байх болтугай.
Б.Төрбат