Хууль зүйн сайдаар ажиллаж асан Д.Дорлигжав, Х.Тэмүүжин хоёр АН-ын нэгнээ үздэггүй улстөрчдийн нэг хослол гэж хэлж болно. Х.Тэмүүжингээс сайдын суудлыг Д.Дорлигжав авч мань хоёр хоёулаа л энэ хууль зүйн салбарын сайдаар ажиллаж байсан улстөрчид. Гэхдээ тэдний хувийн дайсагнал хэзээ ч дуусч, цайхахншй бололтой.
Нам нь эрх барьж байх үед Х.Тэмүүжин нэгэнтээ “Дорлигжавын ярьдаг үг, хийдэг үйлдэл нь зөрөөд байна. Тэр хүн 25 жил бялуу идчихээд одоо ч бас цадаагүй л байна” хэмээн хэвлэлд ярилцлага өгч байв.
Харин Д.Дорлигжав Хууль зүйн сайдад нэр дэвшиж байх үедээ “Сайдад нэр дэвших тухай яригдсанаас хойш миний таньдаг хүн “Та сайд болох хэрэггүй. Таны Ерөнхий прокурорын албан тушаал чинь өндөр албан тушаал шүү дээ” гэж хэлж байсан. Шуудхан хэлэхэд энэ бүхнийг Х.Тэмүүжин сайд хэвлэл мэдээллийн байгууллагад ажилладаг хамаатантайгаа хийсэн. Нэгдүгээрт, Энэ бол гүтгэлэг гэдгийг хэлье. Хоёрдугаарт, Хууль зүйн сайд хүн аливаа мэдээллийг нягталж байгаад нийтлэх учиртай баймаар юм. Тийм учраас би үүнийг хуулийн байгууллагаар шалгуулна” хэмээн мэдэгдэж байв.
Ямартай ч энэ хоёр нэг нам хэдий ч бие биеэ үзэж чаддаггүй бөгөөд сав л хийвэл хэвлэлээр дайтчих гээд байдаг талтай. Тэгвэл нам нь УИХ-ын сонгуульд ялагдаж, хэн хэн нь нам гүм байсан ч саяхнаас мөнөөх дайсагнал дахиад эхэлжээ. Учир нь Д.Дорлигжав намаасаа Ерөнхийлөгчид нэр дэвших сунгаанд оролцохоо зарласан нь Х.Тэмүүжинд таалагдаагүй бололтой.
Тодруулбал, Х.Тэмүүжин Д.Дорлигжавыг “Олон сая доллартай хүн гэсэндээ мөнгөлөг байна шүү!” хэмээн өөрийн “Твиттер” хуудсаараа жиргээд амжсан юм. Харин энэ удаа Д.Дорлигжав Х.Тэмүүжинд цохилт хийх гэж яарахгүй байгаа бололтой. Өөрөөр хэлбэл, Х.Тэмүүжингийн өөрийг нь чимхсэн жиргээнд хариу өгөөгүй байгаа юм. Гэсэн хэдий ч “Михаилд нэг бодол бий” гэдэгчлэн мань эрд хариуг нь хатуухан барихаар бодлого боловсруулж суугаа ч юм билүү хэн мэдлээ. Ямартай ч Х.Тэмүүжин, Д.Дорлигжав нар гар барьж сайндах болоогүй бололтой.
Г.НАРАН