"Амьдралд тавтай морил" кинонд хэнэггүй, эршүүд, зөнгөр Золоогийн дүрээр жүжигчин О.Дөлгөөн олны танил болсон. Түүнээс хойш "Эзэнгүй бөгж" УСК, "Хайрын рекорд" телевизийн олон ангит киноны туслах дүр, "Нэг хоёрын гурваа" УСК-ны гол дүрд, "Single ladies", "Сүүлчийн шөнө" УСК-ны гол дүрд тус тус тоглосон туршлагатай өсөх ирээдүйтэй жүжигчин. Харин УДЭТ-т орж Монголын гурав дахь Жульетта болоод амжсан юм. Гэсэн ч залуу жүжигчин боловсролоо дээшлүүлэхээр гэр бүлийн хамт АНУ-ыг зориод багагүй хугацаа өнгөрөөд байгаа билээ. АНУ-д урлагийн академид суралцаж байгаа О.Дөлгөөн цахим хуудсаараа Монгол дахь фенүүдтэйгээ сонин хачнаа хуваалцах дуртай. Хамгийн сүүлд жин нэмээд өөр хүн шиг харагдаад байгаа учраас турахаар шийдсэнээ дуулгажээ. Улмаар тэрбээр фитнес зааланд өнжих болсон аж. Энэ тухайгаа "Ирснээсээ хойш тааваараа байсан хүн жаахан хөдөлсөн чинь салганаж байна" хэмээн дасгалын дараах зургаа постолжээ. Ямартай ч жүжигчин бүсгүй "фитнесийг хашрааж" боди болохоор сэтгэл шулуудсан гэнэ шүү.