05.04

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат онгоцны тийз авахад 8.9 саяыг зарцуулжээ

“Засгийн газрын мэдээ” сонины тавдугаар сарын 1-ний дугаарт “Хөгжлийн банк тойрсон хуудуутай баримтуу” гэх нийтлэл гарсан байна. Тус нийтлэлд Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбатын цалин, хангамж, томилолтод зарцуулсан мөнгөний хэмжээ /Зөвхөн ОХУ-ын Санкт-Петербург хотынх/-г дурдсан байна. Энэхүү баримтад дурдсанаар Н.Мөнхбат захирал улиралд зургаан сая төгрөгийн цалинтай аж. Тэрбээр онгоцны тийз авахад 8.9 саяыг зарцуулсан бөгөөд энэ нь нэг удаагийнх гэсэн байна. Түүнчлэн зочид буудлын зардал нь 3.9 сая төгрөг болсон гэжээ.

Хөгжлийн банкны захирал Н.Мөнхбатад өнгөрсөн 2014 онд АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан. Тодруулбал, "Халзан бүргэдэй, Солонготын давааны чиглэлийн замын гүйцэтгэл ердөө 38 орчим хувьтай байхад тухайн газарт дахин шинээр зам тавих ойлголтыг Засгийн газарт төрүүлж тогтоол батлуулсан. Ингээд нэмж нийт 43.6 тэрбум төгрөгийг гаргуулж аваад "Монроуд" ХХК-д шууд шилжүүлж өгсөн байгаа юм. Мөн Замын-Үүд хилийн боомтын ачааны шалган нэврүүлэх цогцолборт 8.7 км хатуу хучилттай автозамын ажлыг гүйцэтгэхээр өмнө нь техник, эдийн засгийн үнэлгээ хийж үзэхэд 20 тэрбум төгрөгөөр гүйцэтгэх боломжтой байна гэж байхад 33 тэрбум болгож батлуулсан.

Түүнчлэн Халзан бүргэдэй, Солонготын давааны 100 км замыг шинээр тавих асуудлыг шийдсэн тэр өдрийн Засгийн газрын хуралдаанаараа Замын-Үүдийн 20 тэрбумын ТЭЗҮ-тэй автозамыг 33 тэрбум байхаар баталж Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид санхүүжилтийг шууд шилжүүлж олгосон. Эдгээр нь хууль дүрэмд нийцэхгүй, сэжиг бүхий үйлдэл учраас Н.Мөнхбат нарт эрүүгийн хэрэг үүсгээд шалгаж байна" хэмээн АТГ-аас мэдэгдэж байсан юм.
Тэгвэл энэ удаа “Засгийн газрын мэдээ” сонин Н.Мөнхбатын “тансаглалын” талаарх баримтыг ийнхүү дэлгэсэн байна.