05.02

Япон Улсын Дотоод хэрэг, харилцаа холбооны дэд сайд ноён Кэнжи Харада Үндэсний статистикийн хороонд айлчилж байна


Монгол Улсын Үндэсний статистикийн хороо болон Япон Улсын Дотоод хэрэг, харилцаа холбооны яамны харьяа Статистикийн товчоо хамтын ажиллагааны Санамж бичигт өнгөрсөн хоёрдугаар сард гарын үсэг зурж хамтран ажиллахаар болсон. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд ҮСХ-ны дарга А.Ариунзаяагийн урилгаар Япон Улсын Дотоод хэрэг, харилцаа холбооны дэд сайд ноён Кэнжи Харада манай улсад албан ёсны айлчлал хийж байна. Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой энэ онд тохиож байгаа нь түүхэн ач холбогдолтой юм. Ноён Кэнжи Харада тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр Үндэсний статистикийн хорооны үйл ажиллагаатай танилцахын сацуу УИХ-ын гишүүн, Эдийн Засгийн Байнгын Хорооны дарга Д.Тэрбишдагва, УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт, ГХЯ-ны дэд сайд Б.Батцэцэг нартай уулзсан.
Японы талаас ноён Кэнжи Харадагаас гадна Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаока тэргүүтэй Элчин сайдын яамны төлөөлөгчид, Статистикийн товчооны төлөвлөлт, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ёоичи Инагаки нар оролцож байна. Монгол Японы Статистикийн салбар дах хамтын ажиллагаа 2005 оноос эхлэлтэй бөгөөд талууд тооллого, судалгаа, дүн шинжилгээ, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов.